Гоол оруулж шигшээ багаа түүхэн хожилд хүргэсэн, 18 настай А.Дөлгөөнтэй ярилцлаа

Гоол оруулж шигшээ багаа түүхэн хожилд хүргэсэн, 18 настай А.Дөлгөөнтэй ярилцлаа

Манай улсын хөлбөмбөгийн шигшээ багийнхан болох “Талын хөх чононууд”  ДАШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтдоо Мьянмарыг хожин, түүхэндээ анх удаа гурван оноо авсан үйл явдал өнгөрөгч долоо хоногт болсон билээ. Эл тоглолтод хожлын гоол оруулж, багаа ялалтад хүргэсэн тамирчин 18-хан настай А.Дөлгөөн байлаа. Тэрбээр Үндэсний шигшээ баг, “Дэрэн” клубийн тамирчин бөгөөд “Пушкаш”-ийн академид сурсан цөөхөн хөлбөмбөгчдийн нэг юм.  Түүнтэй ялалтын гоол оруулсан сэтгэгдлээс нь хуваалцаж, цөөн хором ярилцлаа.

-ТОГЛОЛТЫН ӨМНӨХ ӨДӨР ГООЛ ОРУУЛЖ БАЙНА ГЭЖ ЗҮҮДЭЛСЭН-

-Монголын хөлбөмбөгчид ДАШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа хожлоо. Хожлын гоолийг эх орондоо авч ирсэн тамирчин нь та байлаа. Юун түрүүнд өөрийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахгүй юу. Ийм юм болно гэж төсөөлж байв уу?

-Ийм зүйл болно гэж төсөөлж байсан шүү. /инээв.сурв/ Тоглолтын өмнөх өдөр гоол оруулж байна гэж зүүдэлсэн. Хүмүүс хүртэл “Өнөөдөр чи гоол хийх гээд байна” гэж надад хэлж байсан. Энэ бол зөвхөн миний амжилт биш, манай багийн амжилт. Гоол оруулсандаа үнэхээр их баяртай байна.

-Та бүхэн Мьянмарын эсрэг бэлтгэлээ хэрхэн хийв. Ямар тактикаар тоглов, сандрал хэр байв?

-Мьянмарын баг маш сайн өрсөлдөгч байлаа. Манайхаас 50 гаруй ранкаар дээгүүрт бичигддэг баг.  Тэгсэн ч манай багийнхан ямар ч садрал, айдасгүйгээр тоглосон. Миний хувьд ч ойрын хоёр жил нилээдгүй олон тэмцээнд оролцсон. Надад ч сандрал байгаагүй. Харин догдолсон. Өнгөрсөн хугацаанд хоёр ч нөхөрсөг тоглолт хийсэн нь бидний амжилтад их нөлөөллөө. Үүний сацуу ДАШТ-ий эхний шатанд Брунейн шигшээ багийг хожсон нь их туршлага болсон.

-“Гоол оруулсны дараах агшинд шоконд орсон”  хэмээн ярилцлага өгснийг тань уншсан юм байна. Тухайн агшинд юу болж өнгөрөв? ы

-А.Нармандах над руу бөмбөг дамжуулахад ямар ч эргэлзээгүйгээр Мьянмарын хаалга руу довтолсон. Бөмбөг надад ирэх мөч, бөмбөг хаалганд орох мөчийг харснаас хойш 10 гаруй секунтын хугацаанд юу болсныг мэдэхгүй юм. Шоконд орсон. Нэг мэдэхэд л үзэгчдийн өмнө оччихсон, багийнхан маань намайг тэвэрчихсэн байж байсан шүү. /инээв.сурв/ Бид бүхнээ дайчлаад тоглосон.

-ХӨЛБӨМБӨГТ ТАРХИА АЖИЛЛУУЛАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ. ТЭГЭХГҮЙ БОЛ ХУРД НЬ ҮНЭ ЦЭНЭГҮЙДЭЖ, ХАМАГ ЦАГАА АЛДДАГ-

-Бэлгэлээ хаана хаана базаасан бэ?

-Хятадад 14 хоног, тавдугаар сард Тайландад 14 хоног, наймдугаар сард Унгар улсад 13 хоног бэлтгэлээ базаасан даа.

-18-хан насандаа шигшээ багаа хожилд хүргэснээр тань олон хүн бахархаж байна. Ингэхэд хэдэн настайгаасаа хөлбөмбөгийн спортоор хичээллээж эхлэсэн бэ. Эл спортод хөл тавихад хэн нэгэн нөлөөлсөн үү?

-Би хөлбөмбөгөөр хичээллээд зургаан жил болж байна. “Улаанбаатар сити” клубийн хөлбөмбөгчин А.Тэмүүжин миний төрсөн ах. Ах маань гэртээ байнга л хөлбөмбөг үзнэ. Би эхэндээ нэг их тоож, ойшоодоггүй байлаа. Нэг өдөр ахынхаа тэмцээнийг очиж сонирхсон. Тэр тэмцээний дараах бэлтгэлд н.Болдбаатар багш маань намайг оруулсан л даа.  Түүнээс хойш л энэ спортод татагдан орсон. Ахтайгаа хамт хөлбөмбөг тоглон, энэхүү спортод улам илүү хорхойссон. Ах маань үргэлж зааж сургадаг. 

-Шишгээ багт хэзээ орж байв. Ямар шалгуураар ордог юм бэ?

-Шигшээ багт хүссэн хүн бүр ороод байдаггүй. Маш их хичээл зүтгэл, хөлс урсгасныхаа хариуд орсон гэж боддог. Гуравдугаар сараас шигшээ багт дуудагдсан, одоо таван сар болж байна. Энэ хугацаанд ах нараасаа маш их зүйлийг сурч, мэдэж авсан. Цаашдаа ч илүү ихийг мэдэж, илүү ихийг хийх болно. Тэмцээн болон бэлтгэл дээр хэн ямар байгааг багш дасгалжуулагчид маш сайн харж, анализ хийж байдаг. Түүнээсээ тоглогчдыг тоочиглоно. 100-гаас 50-ийг, 50-иас 23-ыг гэх мэтчилэн шигшин харж байдаг.

-Хөлбөмбөгийн спортод хамгийн чухал нь юу вэ?

-Хүн тархиа ажилуулах нь хамгийн чухал. Хэн сайн толгойгоо ажиллуулж тоглосон нь бусдаасаа илүү байдаг. Хэдий хурдтай байлаа ч бодох санах зүйлгүй, тархиа ажиллуулахгүй л бол хэцүү. Хурд нь үнэ цэнэгүйддэг. Сайн техниктэй байлаа ч толгойгоо ажиллуулахгүй л бол хуурсаар байгаад хамаг цагаа алддаг. Хаана ямар боломж байгааг аль эртнээс тархиа ажиллуулж уншиж байж л айлын талд эрсдэл үүсгэнэ шүү дээ.

-ХӨЛБӨМБӨГӨӨР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСНЭЭСЭЭ ХОЙШ ХУВИА ХИЧЭЭХ ЗАНГ ОР ТАС МАРТСАН-

-Ихэнхи эцэг эхчүүд “Бөмбөг хөөлөө” гэж уурлаж, хориглодог шүү дээ. Эцэг эхдээ хэр загнуулдаг байв?

-Ахыг маань их дэмждэг байсан шүү. Харин намайг хөлбөмбөг тоглоно гэдэгт итгэдэггүй байсан. Эхний ганц, хоёр тэмцээнд амжилттай оролцож эхлэхэд дэмжиж эхэлсэн л дээ. Анх тоглож эхэлж байхдаа гурван ч удаа бэртэж байсан юм. Шүдээ мөргүүлж, тохойгоо мулталж байсан. Тухайн үед “Цаашдаа тоглох хэрэг байна уу” гэж л айдаг байснаас биш эрс эсэргүүцэж байгаагүй.

-Хичээл, бэлтгэл, тэмцээнээ хэрхэн зохицуулж байна вэ. Оюутан учир хичээлээсээ хоцрогдох тохиолдол бишгүй л гардаг биз?

-МУИС-ийн маркетинг, менежментийн нэгдүгээр дамжааны оюутан. Тэмцээн шахуу хуваарьтай үед тэмцээндээ, тэмцээнгүй үеэр хичээлдээ гол анхаарлаа хандуулна. Зөвхөн эх орондоо биш үе үе гадаад руу бэлтгэлд явдаг болохоор хоцрогдох үе маш их бий. Хөлбөмбөгөөр хичээллэснээр нэн түрүүнд маш их тэсвэр хатуужилтай болдог юм билээ. Мөн хувиа хичээсэн занг ор тас мартсан. Зөв хүн болохын үндэс тавигддаг гэж л бодож байна. Ямар ч үед ялалт, хожигдлын амтыг багаараа мэдрэх нь хамгийн сайхан.

-Нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн гоол оруулж байв?

-“Дэрэн” клубийн тамирчдын хамт 2014 онд өсвөр үеийн ДАШТ-д оролцохдоо Норвегийн багийн эсрэг таван гоол оруулсан.

-БИД БУУЖ ӨГӨХГҮЙ. БҮХ БОЛОЛЦООГОО АШИГЛАНА-

-F хэсэгт Киргиз, Япон,  Мьянмар, Тажикстаны багтай нэг хэсэгт багтсан. Дараагийн тоглолт хэзээ вэ?

-Энэ сарын 10-нд Тажикстантай өрсөлдөнө. Тажикстаны баг Мьянмарын багаас дээр бичигддэг. Өмнө нь Киргизийн багийг 0:1-йн харьцаатай хожсон байна лээ. Бид сул талыг нь ашиглаж тоглоно. Олон хүн биднийг хожигдоно гэж бодож байгаа. Бид бууж өгөхгүй, бүх бололцоогоо ашиглаж, хүчээ дайчилна. Дараагийн тоглолтод сэтгэл зүйгээ бэлдэж, өмнөх тоглолтоосоо хамаагүй илүү тоглоно гэж бодож байгаа.

-Хөлбөмбөгийн спортыг төрөөс дэмжих дэмжлэг хэр байдаг вэ?

-Миний бодлоор төрөөс нэг их дэмжээд байдаггүй юм шиг санагддаг. Клубууд өөрсдийн бор зүрхээрээ бэлтгэл, сургуулилтаа зохицуулдаг. Мөнгө муутай багууд долоо хоногт нэгээс хоёрхон удаа бэлтгэл хийнэ. Тэмцээн уралдаан төдийгүй, бэлтгэл сургуулилт хийх боломжоор хангаж санхүүжүүлдэг болчихвол бүх багууд бэлтгэлээр төдийгүй, тэмцээний хувцас хунараар хангагдана шүү дээ. Мэдээж хөлбөмбөгийн спорт өндөр хөгжсөн бусад оронтой харьцуулах аргагүй.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.




Улаанбаатарт 20 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө