Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, жавартай хүйтэн байна. Маргааш буюу энэ сарын 20-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 21-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
Салхи энэ сарын 20, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.