Б.Жавхлан: Гуравдугаар сарын нэгэн гэхэд бүх тендерийг эхлүүлэх хугацаатай үүрэг өгсөн

Б.Жавхлан: Гуравдугаар сарын нэгэн гэхэд бүх тендерийг эхлүүлэх хугацаатай үүрэг өгсөн

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд төсөв батлаад 65 хоног болж байна. Энэ хугацаанд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн хүрээнд худалдан авах ажиллагаа, тендерийн үйл ажиллагааны явц ямар байгааг Засгийн газарт танилцуулсан.

2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 717 төсөл арга хэмжээнд 3.1 их наядын өртөг бүхий хөрөнгө оруулалтуудаас дөнгөж 19.5 хувийн гүйцэтгэл буюу 140 төсөл арга хэмжээ, тендер зарласан байна. Энэ нь маш хангалтгүй байгаа юм. Тиймээс бүх төсөв захиран зарцуулагч нарт гуравдугаар сарын нэгэн гэхэд бүх тендерийг эхлүүлэх хугацаатай, хатуу үүрэг өгсөн. 717 төсөл, арга хэмжээнээс 50 хувийг нь аймаг, нийслэлийн ЗДТГ-аас эхлүүлэх ёстой. Гэтэл харамсалтай нь долоохон аймагт нийт 13-хан тендер зарласан байгаа нь маш хангалтгүй. Нийслэлд ганц ч тендер зарлаж эхлээгүй байна.

Тендер болон хөрөнгө оруулалтын бодлогоор дамжуулж, эдийн засгийн аюулгүй байлгын хангах төсвийн бодлого явж байдаг. Энэ жил олон зүйл тодорхойгүй, дарамт ихтэй байна.

Тендерийн үйл ажиллагааг хуулиараа төсөв батлагдмагц зарлаж болдог хуультай болсон. Засгийн газраас өргөн барьсан бүх тендер арга хэмжээ бэлтгэл ажил бүрэн хангасан. Одоо зохион байгуулах ажиллагаа нь л маш удаашралтай байна. Өмнөх жилтэй харьцуулахад ковидын хөл хориогүй байгаа учраас шалтаг тоочих ёсгүй” гэлээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө