"Чингэлэг тээвэр"-ийн улмаас БНХАУ-д албан тушаалтнуудаа баривчилсан авлигын хэрэгт манай хоёр САЙД холбогдсон гэх мэдээлэл байна

"Чингэлэг тээвэр"-ийн улмаас БНХАУ-д албан тушаалтнуудаа баривчилсан авлигын хэрэгт манай хоёр САЙД холбогдсон гэх мэдээлэл байна

Энэ сарын эхээр Эрээн-Замын-Үүдийн хил арав хоног хаагдаж иргэд ачаагаа авч чадахгүй бухимдал үүссэн. Тухайн үед Хятад, Монголын нөлөө бүхий албан тушаалтнууд авлигалын хэрэгт холбогдсон учраас ийнхүү хилийг хаасан гэх албан бус мэдээлэл гарч байв. Гаалийн ерөнхий газраас ч уг мэдээллийг үгүйсгэж, ачаа бараа хилээр чөлөөтэй нэвтэрч байна гэж байлаа. Иймд бид уг мэдээллийн мөрөөр энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

-ХЯТАДЫН ТАЛ 10 ГАРУЙ ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНАА БАРИВЧЛААД БАЙНА-

Хятадын "Амрыг сахиулах хороо"-ноос Өвөрмонголын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд захирал Ван Бин, Боомтын захиргааны дарга Го Ган, Эрээн хотын төмөр замын дарга Ли Бөү мөн тус хотын Гаалийн дарга, Кос ко компанийн Азийн бүс нутаг хариуцсан захирал зэрэг арав гаруй өндөр албан тушаалтанг өнгөрөгч долоо хоногт баривчилсан байна.

Учир явдлыг тодруулбал, өнгөрсөн сард Хятадын ачаа тээврийн 70 гаруй компани нэгдэж, "Монголоос ирэх нурмаг ачаанд оруулсан их хэмжээний мөнгө түгжигдээд байна. Монголын нүүрсийг импортлохдоо терминалуудыг бус чингэлэг тээврийг гэнэт ашиглаж эхэлсэн нь Эрээн, Жинин, Баяннуур, Бугат зэрэг суурин газрын эрчим хүчний нүүрс тасалдахад хүргэж байна. Бид нүүрсээ оруулж ирж чадахгүй байна. Ганц Кос ко гэх компани давуу байдалтайгаар нүүрсийг импортлож ирж байна" гэсэн гомдлыг Амрыг сахиулах хороондоо өгсөн байна. Уг гомдлын мөрөөр шалгалт хийж дээрх албан тушаалтнуудыг баривчилжээ.

-НАРИЙН СУХАЙТ, ШИВЭЭХҮРЭН, ГАШУУН СУХАЙТ, ГАНЦ МОДНЫ БООМТЫН ХЯТАДЫН ТАЛЫН ГААЛИЙН ГАЗРЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

Манай улс тээвэр хийхэд өөрийн гэх томоохон чингэлэг байхгүй нь Хятадын Кос Ко компанийнхан монголчуудыг лоббидох, чингэлэгүүдээ өндөр үнээр түрээслэхэд ашигтай байжээ. Монголчууд тус компанийн лоббид автаж ганц байгууллагад давуу байдал бий болгосон нь чингэлэгийг үнэтэй түрээслэх, хомстолд орох улмаар дагаад нүүрсний үнийг хөөргөдөхөд хүргэсэн байна. 

Үүнээс үүдэн Нарийнсухайт, Шивээхүрэн, Гашуун сухайт Ганц мод боомтын хятад талын гааль руу тус улсын хуулийн байгууллагын шалгалт орсон талаар эх сурвалж мэдээлж байна. Хятадын Кос ко компанитай Монголын үндэсний тээврийн корпораци хамтарч ажилласан байж болзошгүй гэх мэдээлэл бий бөгөөд тавцан вагоноор ачааг нь зөөдөг байсан гэх. Энэ талаарх мэдээллийг бид судалж илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Мөн уг авлигалын хэргийн сүлжээнд Монголын хэд, хэдэн аж, ахуй нэгж түүний ард нэр бүхий хоёр сайд холбогдсон гэх мэдээлэл байна. Энэ тухай ч бид үргэлжлүүлэн хүргэх болно. 

Үргэлжлэл бий...