Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нарын гишүүд “Давхар  дээл”-ийн сургаар сайдад амбицлаж эхэлжээ

Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нарын гишүүд “Давхар  дээл”-ийн сургаар сайдад амбицлаж эхэлжээ

Эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд идэвх гаргаж бусад намаа уриалан “Тунхаг бичигт” гарын үсэг зуруулсан бөгөөд энэ долоо хоногт  гишүүд тойрогтоо ажиллан иргэдээс саналыг нь авах гэж байна.  Үргэлжлүүлэн хаврын чуулганы дараа эсвэл намрын чуулганы өмнө ээлжит бус УИХ-ын чуулганы хуралдааныг зарлан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн.

-ХОНЬ БҮРЭН ЧОНО ЦАТГАЛАН БАЙЖ ҮХ ИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БАТЛАГДАНА-

Хамгийн гол нь энэ удаагийн өөрчлөлтөөр бүх талын эрх ашгийг бүрэн хангах буюу  “хонь бүрэн чоно цатгалан” байж Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж чадна. Тиймээс ч УИХ-д суудалгүй жижиг намуудаас эхлээд сөрөг хүчин АН, эрх баригч МАН, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч гээд бүгд өөрийн эрх, ашгийг Үндсэн хуульд оруулахаар гүйлдэн хөшигний ард ханцуйндаа наймаалцаж байгаа юм. Бид ний энэ талаарх өмнөх бичвэрийг ЭНД дарж унших.

Энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэж буй. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 150+1 болгож 76 гишүүнийг “томсгосон мажоритар” буюу нэг тойрог /нэг аймаг/ олон мандаттайгаар /хуучнаар/  сонгож, үлдсэн 76 гишүүнийг жагсаалтаар оруулах хувилбар яригдаж байгаа юм.  Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-ийг дэмжих. Одоогоор Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөн УИХ-ын гишүүн л Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Ингэхдээ хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулна гэж тооцсон гэх.

Хэрвээ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар дээрх байдлаар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал ирэх намрын улс төр харьцангуй тайван үргэлжилж чадах юм.

-ХОЁР БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮНИЙГ САЙДААР ТОМИЛНО-

Ялангуяа “давхар дээл”-ийн өөрчлөлтөөр сайд болохыг хүсэгчид одооноос эхлэн амбицлаж буй аж. Тодорхой нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал шийдэгдсэн даруйд шинээр байгуулсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яамны сайдыг УИХ-аас томилно. Тус яамдын сайд нарыг УИХ-аас томилохын тулд л хагас жил сайдгүй байлгаж хүлээлгэсэн.

-ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДАД Н.УЧРАЛ АМБИЦЛАЖ БАЙГАА БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР ТУРШЛАГАТАЙ ХҮНИЙГ ТОМИЛНО -

Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад хамгийн сайн тохирох хувилбарыг Н.Учрал гэж МАН-ынхан дотооддоо ярьж байна. Учир нь Инновац, цахим хөгжлийн асуудлаарх бодлогын судалгаа түүнтэй холбоотой хуулийн төслийн боловсруулалт зэрэгт Н.Учрал сүүлийн жилүүдэд яг тогтож ажиллан мэргэшсэн. Тус салбарын хөгжлийн гарц, гаргалгааны төлөвлөгөө ч түүнд бий. Хамгийн сүүлд гэхэд тус салбарын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэгдэх шатанд ажлын хэсэг ахалж ажиллан батлуулсан.

 УИХ-аас Инновац, цахим бодлогын байнгын хороог 2020 онд шинээр байгуулуулж даргаар нь Н.Учралыг томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллахдаа энэ салбарын олон хуулийг УИХ-ын босгыг давуулж, үндсэн концепцыг гаргаж байгаа нэгэн юм. Өөрөө ч амбицтай байгаа гэх.

Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шатанд Эдийн засгийн хөгжлийн сайдаар туршлагатай, зангарагтай нэгнийг томилох шаардлагатай гэж УИХ-ын гишүүд шахаж, шаардаж байв. Ерөөс олон удаа сонгогдсон "давхар дээл"-тэй нэгнийг томил гэж ил хэлсэн. Шаардлага нь ч тийм. Учир нь тус яаманд эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүд зангигдана. Тиймээс ч лоббинд ороод байдаггүй, гишүүдийн үгээр ажилладаггүй, өөрийн бодлого, байр, сууриа бат хамгаалдаг хүн хэрэгтэй. 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар тус албан тушаалд хамгийн их амбицлан гүйж байгаа аж.

Харин сул сайд нарыг /С.Энхболд, Г.Ёндон, Л.Халтар/ явуулах сургаар Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Б.Бат-Эрдэнэ,  М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Б.Дэлгэрсайхан нар сайд болохоор гүйлдэж эхэлсэн ч сураг улс төрийн хүрээнд яригдаж байгаа  юм.




Өнөөдөр бич өдөр

39 минутын өмнө