Үзэн ядалтын менежмент ба ПОПУЛИЗМ

Үзэн ядалтын менежмент ба ПОПУЛИЗМ

АНУ-ын Висконсин муж улсаас сенатороор 1947-1957 оны хооронд сонгогдон ажиллаж байсан Иосеф МакКарти (Joseph McCarthy) хэмээх нөхрийн нэрээр "МакКартизм" хэмээх ойлголт түүхэнд үлдсэн байдаг. Мань хүний технологи маш энгийн. Хүйтэн дайны үед "социалист", "нацист", "тоталитарист", "Оросын тагнуул", "Америкийн дайсан" хэмээн бусдыг цоллон "Үндэсний дайсан" тодруулж, түүгээрээ өрсөлдөгчдөө намнах "цогц пиарын ажиллагаа"-г төгсрүүлж популизмыг жинхэнэ утгаар нь моодонд оруулсан хүн.

Үзэн ядалтыг дээд цэгт нь тулгаж, олон нийтийг турхирч өөрөө өндөр нэр хүндийг олж, түүний хараанд өртсөн улс төрчид, өөр бодолтой хүмүүс мөнөөх МакКартизмын "бай" болж байлаа.

Иосеф МакКарти (Joseph McCarthy)

Хүмүүс талцсан, үзэн ядсан тийм үед эрүүл оюун "ажиллахаа" болж, дайсны эгнээнд багтчихгүй байх амин хувьч үзлүүд гаарч улмаар "би л биш бол бусад нь яасан ч яахав" гэсэн логикгүй, хүнлэг бус хандлагууд давамгайлна. Улс улсын түүхэнд ийм хорлонтой, үзэн ядалтын менежмент туршигдсан юм.

Одоо бол Монголд "МАНАН"-гийнхан, "тэрний хүн, энэний хүн" гэдэг "үзэн ядалтын менежмент" гайхалтай туршигдаж байна. Муу нэртэй, луу данстай энэ үзэн ядалтын сав бүх хүний буруу булхайг чихдэг "хар овоохой" болжээ. Зүй нь МАНАН-тай хуулийн хариуцлага тооцох ёстой. Гэхдээ түүнийг үзэн ядагчдад байнга баалж байх сав байх нь илүү хэрэгтэй.

МАНАН-г жинхэнэ утгаар нь байгуулалцаж, санаачлалцаж, өөрсдөө эрх тушаалд хүрэгчид, түүний үр шимийг хангалттай хүртэгч ялзарсан дарга ангийнхан хүртэл өөрсдөө тэнгэрээс буусан мэтээр өөрийн байгуулсан системээ ам уралдан үзэн ядах уралдаанд манлайлна. Зарчимгүй, нам дамжсан, олигархийн, бүлэглэлийн эзэн бол МАНАН. Тиймээс энэ аймшигт дайсны эздийг бас тодруулах ёстой. Эзэд нь бүхний буруутан...

Маргааш дахин нэг МАНАН-гийн хэмжээний үзэн ядалтын бай бэлтгэгдэж гарна. Лоохууз, Сурмаажавын хэрэг, Баруунтан, Зүүнтэний нугалаа гэдгийн шинэ цагийн үргэлжлэл.

Улмаар эх орончид, цогтой тэмцэгчид, үндэсий тэрс үзэлтэнгүүд, цаазаар авахыг дэмжигчид хүчирхийллийн замаар төрийн эрх авах, "ард түмний" мэдэлд төрийг хуулийн бус аргаар авахыг санаархагчид хүчтэй амилна. МакКартизмын туршилт бол популизмын үр шимт хөрс суурь болдог.

2020 оны эхний сар эхлэнгүүт Монгол МакКартизм бүр оргилдоо хүрнэ. Хагас жилийн дараа гэхэд олон зуун гадны эрлийз, авлигачид, буруу номтнууд төрж тэнийг нийгмээрээ үзэх ядах кампанит ажил хөвөрнө.

Хэн илүү үзэн ядуулах пиарын ажилд мөнгө хаясан хүчин давуу эрхтэй болно. Эрүүл оюун дүгнэлт, саруул ухааны хэмжүүр огтоос үйлчлэхгүй. Үзэн ядагдах менежментын үед жинхэнэ гэмт хэрэгтнүүд ял завшина. Хариуцлага алдсан хүмүүс нь хиймэл айдсын араар нуугдана. Үнэхээр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчид нь тэнгэрийн элчис, бурханы зарлиг гүйцэтгэгчид болж хувирна. Ял завшигчид, худал бэртгэчид хуулийн сиймхийг овжиноор ашиглаж "дахин мэндлэнэ".

2020 оны намар цөөхөн тооны шинэ хүмүүс бодлогын түвшинд гарах ч ихэнх нь дахин төрсөн хууччуулаас бүрдсэн ялагч анги тодорно. хөөрхий ард түмнийг дахин талцуулна, хуваана. нөгөөх үзэн ядалтын менежментын шинэ цувралууд үргэлжилнэ. Шинэ төрсөн хууччуулын эсрэг нийгмийн анхаарал төвлөрөх гэнгүүт нийгмийн анхаарлыг өөр зүгт чиглүүлсэн шинэ шинэ "сонирхолтой" скандалуудын багц задарна.

МакКартизмын гол арми сошиалын бот, тролуудаар эгнээгээ улам тэлнэ. Босоо, хэвтээ, баатарлаг, сүрлэг төрхтэй, үндэсний соёлыг гуйвуулсан экстримистүүд "зах зээлд" ноёлно. Тэднийг таних түлхүүр үгс нь эх оронч, ард түмэн, хятад цус, эзэн тэнгэр, хөх толбо, шударга ёс, үндэсний эрх ашиг... Бүх чухал үгсийг утгаар нь гуйвуулна.

Эрүүл саруул юм яригчдыг тэнгэрийн, сансрын гэж хочилно. Гайгүй нэгнээ өмнөх хийж байсан ажил албаар нь нэр хоч өгч, аль нэгэн нэр "муу даргын хамсаатан" болгож дөнгөнө. хуурамч мэдээллүүдээр бөмбөгдөнө. Хүмүүс шимширнэ. Төлбөр илүү төлсөн хүмүүст ард түмнийг хайртай болгоно. Популистууд дахин дахин сэдвээ гоё, шинэ болгоно. Хүмүүс өдөр тутмын амьдрал, орлогодоо биш улс төрчдийн ээлжилсэн, сунжирсан хэрүүлээр анхаарал зогооно.

ГЭВЧ ЭНЭ БҮГДИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ.

Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө