Ш.Даваадорж: Медалиа зарж тэмцээнд орох зардлаа бүрдүүлэхээр болсон ч одоогоор худалдаж авсан хүн байхгүй байна

Ш.Даваадорж: Медалиа зарж тэмцээнд орох зардлаа бүрдүүлэхээр болсон ч одоогоор худалдаж авсан хүн байхгүй байна

“Шургуу мөртлөө чимээгүй хөдөлмөрлө, амжилт чиний өмнөөс ярих болно” хэмээх үг бий. Яг л энэ үгний жишээ болон шургуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлөж яваа нэгэн бол өвлийн усанд сэлэлтийн ОУХМ  Ш.Даваадорж. Тэрээр Монголд төдийлэн сайн хөгжиж амжаагүй хүндхэн спортын төрлөөр хичээллэн дэлхийд данстай тамирчин болж яваа нэгэн. Өвлийн усанд сэлэлт бол эр зоригийн спорт гэгддэг. Харин энэхүү спортыг өөрийн илэрхийлэл, өөрийн амьдрал болгож чадсан түүний өмнөөс амжилт аль хэдийн яриад эхэлчихжээ. Тэрээр өнгөрсөн онд дэлхийд чансаагаараа нэгт бичигдэж чадсан нь үүний томоохон нотолгоо. Гэхдээ тэр “одоо боллоо” гээд хойш суухыг хүссэнгүй. Амжилтаа ахиулахаар, эх орныхоо нэрийг мандуулахаар дахин Европыг зорих гэж байна. Энэ үеэр нь бид түүнтэй уулзаж яриа өрнүүлсэн юм.

-МОНГОЛД  НАМАЙГ ХҮМҮҮС МЭДЭХГҮЙ Ч ДЭЛХИЙД МЭДНЭ-

-Усанд сэлэлтийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Ер нь 38 жил ердийн усанд сэлэлтээр хичээллэж байгаа. Харин мөстэй өвлийн усанд сэлэлтээр анх 2013 оны 10 сард Орост сурч байх хугацаандаа найзуудаасаа мэдэж, судлаад хичээллэж эхэлсэн. Энэхүү сэлэлтийн төрөл нь 1864 оноос дэлхийд хөгжиж эхэлсэн.

-Анхны тэмцээндээ хэзээ орж байв?

2014 оны 10 дугаар сард ОХУ-ын Владивостокт болсон Дэлхийн цомын аваргаас далайн гахайн төрлөөр алтан медаль авсан. Би Дэлхийн цомд дөрвөн удаа түрүүлж 2019 онд чансаагаараа нэгт бичигдсэн.

-Одоогоор  хэдэн тэмцээн уралдаанд ороод байна?

-Сүүлийн гурван жилд нийтдээ 40 орчим тэмцээнд оролцсон байна. Энэ хугацаанд 32 алт,  29 мөнгө,  14 хүрэл дэлхий, олон улсын чанартай тэмцээнүүдийн нийт 70 гаруй медаль хүртсэн байна.

-Ердийн усанд сэлэлт болон мөстэй өвлийн усанд сэлэлтүүд нь хоорондоо маш их ялгаатай байх. Тамирчин хүнээс бие бялдарын хувьд тэвчээр их шаарддаг уу?

-Мэдээж асар их ялгаатай. Саяхан нэг тэмцээний үеэр Хятадын тамирчин цус харваад нас барсан. Тюмений 3 сард болсон дэлхийн Цомын аваргад яг миний дараагийн гарааны надтай өрсөлдөж байсан тамирчин бас өнгөрчихсөн. Энэ бол бие бялдарын бэлэн байдал огт хангагдаагүй байна гэсэн үг л дээ. Учир нь хүйтэн усанд ороход хүний биеийн бүх судас агшдаг. Тэр үед зүрх их хэмжээний цусыг судас руу  шахна. Гэтэл нарийссан судас цусны эргэлтийг дийлэлгүй задардаг. Тиймээс тамирчин хүнд бие бялдар болон сэтгэл санааны өндөр бэлтгэл хэрэгтэй.

-Таны хувьд бэлтгэлээ хэр хангаж байна?

-Миний хувьд өвлийн улиралд тэмцээн болох улс орнууд руу очиж бэлтгэлээ хийдэг. Харин зуны улиралд Тэрхийн цагаан нуур, Өгий, Хөвсгөл гэх мэт нууруудад очиж сэлдэг. Одоогоор би долоо хоногт зургаан удаа өглөөний 5:30-09:00 цагийн хоорон усанд сэлдэг. Харин орой хуурай бэлтгэл буюу фитнесээр хичээллэдэг. Ингэж байж дэлхийн тамирчидтай өрсөлддөг.

-Энэ усанд сэлэлтийн төрлийн зам нь ямар байдаг вэ?

-Ердийн бассейнтай адилхан. 25 метрийн урттай 10 замтай.

-Таны хувьд медалиудаа зараад тэмцээний мөнгө босгох төлөвлөгөөтэй байсан. Энэ талаар?

-Миний хувьд 2013 оноос хойш огт ажил хийгээгүй. Дэлхийн өндөр чансаатай тамирчидтай өрсөлддөг учраас тасралтгүй бэлтгэлээ хийсээр ирсэн. Тамирчин хүний хувьд санхүүгийн дэмжлэг маш чухал. Өдөр тутмын хэрэглээ, тэмцээнд явах зардал, сард уух уураг, витамин гэх мэт зардлууд их гардаг. Өнгөрсөн хугацаанд би энэ бүгдийг хувиасаа болгосоор ирсэн. Гурван өрөө байр, машинаа зараад л тэмцээндээ явдаг байсан. Энэ спортод чин сэтгэлээсээ сонирхолтой, үнэхээр миний амжилт гаргаж чадах спортын төрөл учраас би бүх зүйлээ зориулдаг. Тиймээс ч энэ удаад өөрт байгаа зүйлээ ашиглаад үзье гэж бодсон юм.

-Одоогоор зарагдсан медаль байна уу? Хүмүүсийн дэмжлэг хэр ирж байна вэ?

-Зарагдсан медаль байхгүй. Саяхан энэ асуудлаар SBN телевизэд ярилцлага өгөхөд хүмүүс шууд утсаар залган “мөнгө явууллаа” гэж хэлж байсан ч явуулаагүй байсан.

-НАДАД 2022 ОНЫ ОЛИМПОД ОРОХ ЗОРИЛГО БИЙ-

“Хоёр жилийн өмнө надад Хятад, Турк улсын нэр дээр тэмцээнд оролцох санал ирж байсан. Мэдээж маш боломжийн нөхцөлтэйгөөр. Сарын хангалттай цалин, хоол хүнс, уураг витамины хэрэглээ мөн оролцож буй бүх тэмцээний зардлыг даана гэж байсан. Гэхдээ миний нэр Турк юмуу Хятадын далбааны доор бичигдэх гээд байсан учраас би татгалзсан.”

-Ер нь дэмжлэг авах асуудлаар холбогдох яам, байгууллагуудад хандаж үзэж байсан уу?

-Нэг удаа БСШУСЯ-нд хандаж үзсэн. Амны гарз болсон.

-Монголд энэ төрлөөр хичээллэдэг, амжилттай яваа тамирчин бий юу?

-Одоогоор байхгүй. Европ руу Азиас ч гэсэн би ганцаараа оролцдог. Япон, Хятад, Солонгосчууд оролцож байсан ч амжилт үзүүлж чаддаггүй. Очоод ус нь хүйтдээд байдаг.

-Одоо явах гэж буй тэмцээнийхээ талаар? Хэдэн төгрөгний санхүүжилт хэрэгтэй байна?

-Ер нь 25 сая төгрөг зарцуулагдах төлөвтэй байна. Би дараалласан дөрвөн тэмцээнд оролцох гэж байгаа юм. Хоорондоо долоо хоногийн зайтай. Хоёрдугаар сарын 3-аас 9-нд Словений Блед хотод “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга”, мөн сарын 14-нд Швед улсад дэлхийн цом, мөн сарын 21-нд Нидерландын цом, мөн хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 1-ний хооронд Польшийн цом гэсэн тэмцээнүүдэд оролцох юм. Словений дэлхийн аваргад гэхэд л 32 улсын 1000 гаруй тамирчин орох гээд бүртгүүлчихсэн байна. Тэмцээнд ороход тамирчин бүр гарааны мөнгө төлдөг. Словений тэмцээнд гэхэд л 460 евро. Шведийн 150 евро. Орос харин хамгийн хямд тогтоодог. Гэсэн ч би энэ бүгдийг хувийн зүгээс шийдэн, тэмцээндээ амжилттай о-ролцохыг зорино. Шантраад байх зүйл үгүй.

-ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРАГ ДЭЭР “МОНГОЛ” ХЭМЭЭХ УЛС БАЙГАА ЦАГТ
МОНГОЛ ХҮН УСАНД СЭЛЖ ЧАДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХҮСДЭГ-

Зөвхөн өөрийн нэрийг бус Монголын нэрийг дэлхийд гаргаж, цаашид ч гаргахын төлөө өөрт байгаа бүх нөөц бололцоо, залуу нас, эрч хүчээ зориулж яваа тамирчинд гүн талархал илэрхийлье. Удахгүй болох тэмцээнд нь Монгол улсын нийт иргэдийн өмнөөс амжилт хүсье.

Бидний яриа дууссаны дараа надад эргэлзээтэй олон асуулт төрж байсныг нуух юун. Бидэнд ямар хүмүүс хэрэгтэй вэ? Манай улс хэрхэн хөгжих вэ? Бусад өндөр хөгжилтэй улс орнууд шинжлэх ухаан, техник, технологи, спортын салбарууддаа яагаад тэгж их анхаарал хандуулдаг юм бол? Тэд тамирчдаа бүх боломжоороо дэмжин хүн төрөлхтний их наадам Олимпод өөрсдийн улсын нэр, алдарыг цуурайтуулдаг. Тэд дэлхийд ингэж танигддаг.Цаашид ч хүчирхэгжихээр бэлтгэгдэж буй. Харин манай улсын  тамирчид ямар нөхцөл байдалд бэлтгэгдэн, яаж хөлс хүчээ шавхан байж олон улсын тэмцээн уралдаануудад оролцдогийг та бид гадарлах биз ээ.Энэ бол ганцхан л жишээ. Тэдний зарим нь бяцхан гомдол тээсэн ч өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө хөдөлмөрлөсөөр л байх болно. Харин зарим нь чимээгүйхэн спортын ертөнцөөс хөндийрнө. Тэгвэл бид дэлхийд танигдах боломжуудаа алдсаар л байх уу? Утаа, түгжрэл, авилгачдын хэрүүлээ хийсээр л байх уу?...




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө