М.Мөнхшүр: Талийгаач эмэгтэй аймгийн Засаг даргатай архи уусан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон

М.Мөнхшүр: Талийгаач эмэгтэй аймгийн Засаг даргатай архи уусан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Б нь учир битүүлгээр амиа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

-ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА. ОДООГООР ХЭН НЭГНИЙГ СААТУУЛААГҮЙ-

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэлэхдээ “Өнөөдөр өглөө буюу хоёрдугаар сарын 19-ны өдрийн үүрийн 04.20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тус дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн ахлах мөрдөгч нарын бүрэлдэхүүн хэргийн газарт ажилласан. Тухайн хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нь нас барсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Талийгаач Б нь ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоохоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээний баг томилогдон ажиллаж байна. Хөл, хорио тогтоосон энэ үед бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурсан нь шалгалтаар тогтоогдвол цагдаагийн байгууллага тухайн эрх бүхий субьектэд хуулийн дагуу арга хэмжээ авна. Бүх хүнээс шаардлагатай байцаалтыг авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Гэм буруутайн асуудал ярихад эрт байна. Хэн нэгнийг хорьж шалгаагүй” гэлээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө