УОК: БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэгийг хязгаарласан хугацааг гуравдугаар сарын 28 хүртэл сунгалаа

УОК: БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэгийг хязгаарласан хугацааг гуравдугаар сарын 28 хүртэл сунгалаа

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Хурлаар БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх, Берлин чиглэлийн нислэгийг зогсоох эсэхийг хэлэлцсэн юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Дэлхийн 99 оронд covid-19 тархаад байна. ДЭМБ улс орнуудад зөвлөмж өгч байна. Тухайлбал, дэлхийн нэг ч улс коронавирусийн халдвар тархахгүй гэж бодож болохгүй хэмээн зөвлөмж өгсөн. Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан баг ОХУ-аас туршлага судлахаар тус улсыг зорьсон. Манай улсад ДЭМБ-ын зургаан хүнтэй баг ажиллаж байна. Иргэдийн тусгаарлах журмыг боловсруулах үүргийг Эрүүл мэндийн яамд өгсөн.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: Монгол Улс- БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 28 хүртэл буюу өвлийн нислэгийн хуваарь дуустал нисгэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан: Махны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Одоогийн байдлаар 12 мянган тонн мах нөөцөлсөн байгаа нь дөрвөн сарын хугацаанд хүрэлцэнэ. Өдөр тутам 100 тонн махыг нийслэлийнхний махны хэрэгцээнд борлуулна.  Экспортын мах болгон худалдахаар бэлтгээд байсан махыг ч нийслэл болон суурин газрын махны хангамж дээр тасалдал үүсэхгүй байх боломжтой. Жигд, тасралтгүй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулна. 279 цэгээр нөөцийн махыг борлуулна. 246 мянган тонн будааг нөөцөлсөн нь манай улсын гурилны хангамжийн 80 хувийг хангах тул 20 хувийг нь импортлохоор болсон. Бүтэн жилийн хэрэгцээний гурил үйлдвэрлэх нөөц бий.

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян: Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд  иргэд, байгууллагын ирүүлсэн хандив 1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ мөнгийг ажилчид, алба хаагчдын тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, шаардлагатай бүтээгдэхүүн авах төдийгүй илүү цагийн хөлс болгон зарцуулахаар болоод байна.

Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-с эхлүүлэх эсэхийг дахин хэлэлцэнэ.

Мөн Европын нислэгийн хувьд онцгой анхаарах чиглэл өглөө.




Өнөөдөр бич өдөр

38 минутын өмнө