Газрын тосны үнэ хоёр дахин унаад байхад, Монголд зөвхөн АИ-92 шатахуун 50 төгрөгөөр буурав

Газрын тосны үнэ хоёр дахин унаад байхад, Монголд зөвхөн АИ-92 шатахуун 50 төгрөгөөр буурав

Энэ долоо хоногийн Лхагва гараг /2020.03.18/-иас эхлэн зөвхөн АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурч байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас мэдээлсэн. Энэ талаар АМГТГ-ын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Даваа гарагаас эхлээд хямдарсан үнэтэй шатахуунууд орж ирж эхэлсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурснаар АИ-92 шатахууны үнэ тонн тутамдаа 58 ам.доллараар хямдарч орж ирсэн" гэж мэдэгдсэн. 

Учир нь коронавирусийн тархалтаас үүдэн сүүлийн хоёр сарын хугацаанд Дэлхийн зах зээл дээр газрын тос болоод шатахууны үнэ түүхэндээ байгаагүй хямдарч байгаа талаар хэвлэлүүд онцолж байгаа ч, Монголд хоёр сарын дараа, зөвхөн АИ-92 шатахуун литр тутамдаа 50 төгрөгөөр хямдарч байгаа нь энэ юм. 

Тухайлбал, газрын тосны үнэ энэ оны хоёрдугаар сарын эхээр 52 ам.доллар болж ханш нь буураад байсан бол, өнөөдөр энэ ханш 22 ам.доллар болж үнэ нь хоёр дахин унаад байна. 

Энэ тухай Уул уурхайн сайд Д.Сумъяабазар /2020.03.19/ мэдээлэл хийхдээ “Дөрөвдүгээр сарын 15-н гэхэд манайд шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна. Учир нь газрын тосны үнэ тасралтгүй унаж байна. Түүхий газрын тосны үнэ 22 ам.доллар, шатахууны үнэ 26 ам.доллар дээр ирээд байна. Дэлхийн зах зээлийн шатахууны хамгийн доод үзүүлэлт гэж хэлж болно” гэж онцолсон юм.

Бид энэ долоо хоногт зөвхөн АИ-92 шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан талаар шатахуун импортлогч зарим эх сурвалжаас тодруулахад “Үнэндээ, энэ долоо хоногт шатахуун бүх төрөлдөө 100-150 төгрөгөөр буурах боломж байсан. Гэтэл төрөөс биднийг зөвхөн АИ-92 шатахууны үнээ литр тутамдаа 50 төгрөгөөр буулга гэсэн чиглэл өгсөн” гэсэн юм. Харин дизель түлшний тухайд онцгой албан татвартай тул одоогоор үнэд өөрчлөлт оруулах талаар яригдахгүй байгаа аж.

Сонирхуулахад, Дэлхийн зах зээл дээр газрын тос /түүхийн нефть/-ын ханш унахад дагаад Монголд шатахууны үнэ буурна. 

Гэтэл сүүлийн хоёр сарын хугацаанд Дэлхийн зах зээл дээр шатахууны ханш тасралтгүй буурч байгаа нь манай улсын шатахууны үнэд нөлөөлөхгүй байгаа нь  “өндөр үнэтэй байхад нь шатахуун авч нөөцөлсөн, эвсэл манай улсын валютын ханшийн өсөлт нөлөөлж байгаа, нөгөөтэй томоохон шатахуун импортлогчид үнэ буулгахгүй байх талаар Засгийн газарт нөлөөлсөн байж болзошгүй гэх таамаглал нийгэмд гарч байна. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө