Ч.Хүрэлбаатар: Гурван салбарын ажилчдын НДШ-ийг чөлөөлөхгүй

Ч.Хүрэлбаатар: Гурван салбарын ажилчдын НДШ-ийг чөлөөлөхгүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  Засгийн газраас коранавирусийн нөхцөлд эдийн засагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд “Монгол улсад авч хэрэгжүүлэх арга хэмжээг бид тооцоолж гаргахдаа дэлхийн бусад орнууд түүний дотор Монгол Улстай гол түнш орнуудын эдийн засгийн хэрхэн өрнөх вэ гэдгийг харж байж төлөвлөгөө боловсруулсан. Энэ төлөвлөгөө нь нэгдүгээр сараас хойш үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ажлын үргэлжлэл юм. ОУВС Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0 хувьтай байна гэж тооцоолсон. Манай улсын худалдааны гол түнш болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг хоёр хувь байхаар тооцсон. Коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл түүний дотор Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг бид нэг жилээр тооцсон. Энэ хугацаа цааш, нааш болохыг үгүйсгэхгүй. Коронавирусийн халдвар өнөөдөр 205 оронд гарсан. Бүх улсын эдийн засагт нөлөөлж улмаар ард иргэдийнх нь амьдралд нөлөөлж эхэлсэн.

2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш үндсэндээ гурван багц арга хэмжээний хүрээнд эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Монгол хүн амь нас, эрүүл мэндийг  хамгаалах,
  • Иргэдийн ААН-үүдийг дэмжих,
  • Эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн гурван чиглэлд арга хэмжээ авч байна.

17 тэрбум төгрөгийн санхүүжилт коронавирусийн халдвараас сэргийлэхэд эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хангамж хамгаалах хэрэгсэлд 9 тэрбум, халдваргүйжүүлэлт, ариутгал бусад зардалд 6.5 тэрбум төгрөг, нэмэлт цалин хөлс, томилолт 1.5 тэрбум төгрөг нийт 17 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Мөн гадаадын зээл тусламж буюу Азийн хөгжлийн банк 4.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар 570 орчим тоног төхөөрөмж худалдан авч, эмнэлгүүдэд хүргүүлсэн. Мөн Дэлхийн банкнаас 6 тэрбум төгрөгийн 68 ширхэг тоног төхөөрөмжийн худалдан авалт хийгдэж тээвэрлэлтийн асуудал нь одоо хийгдэж байна. БНСУ-аас 4.5 тэрбум төгрөгийн нийтдээ 16 тоног төхөөрөмжийг өгч байгаа. Олон улсын бусад санхүүгийн байгууллагаас 6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн туслалцаа авсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ эрүүл мэндийн салбарт 200 орчим  тэрбум төгрөг зарцуулж байна.

Засгийн газрын хуралдаанаар гарсан Эдийн засгийг идэвхжүүлэх багц хэмжээг УИХ-д оруулах гэж байна. Үүний санхүүжилтүүдийг нь УИХ-аар батална.

Коронавирусийн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Иргэд, ААН-үүдээ дэмжих хүрээнд хичээл, сургууль орохгүй байгаатай холбоотойгоор тодорхой зардлуудыг хэмнэгдсэн. Энэ хэмнэгдсэн мөнгөнөөс 18 нас хүртэлх бүх хүүхдэд 10 мянган төгрөгийг хүүхдийн мөнгөн дээр нь нэмж олгоно. Гурван сарын хугацаанд сар бүр 30 мянган төгрөг хүүхэд бүрт олгогдоно.

Өнөөдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс ХАОАТ авахгүй.

Гэхдээ энэ арга хэмжээ нь гурван төрлийн салбарын хүмүүст хамаарагдаагүй. Үүнд:

  • Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.
  • Хоёрт Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.
  • Гуравдугаарт тендер зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШ-ээс чөлөөлөхгүй. Нийтдээ 526 мянган ААН-ийн ажилчид НДШ-ээс чөлөөлөгдөнө.



Өнөөдөр үхэр өдөр

51 минутын өмнө