Б.Дашдондог: The HU-г гаргуунд нь хаячихаад өөрсдийнхөө үр хүүхэд, найз нөхдөө авчирч байна

Б.Дашдондог: The HU-г гаргуунд нь хаячихаад өөрсдийнхөө үр хүүхэд, найз нөхдөө авчирч байна

Алдарт The HU хамтлагийнхан Австрали улсад хөл, хорионд ороод хоёр сар болж буй талаар бид өмнө мэдээлсэн. Тэд эх орон руу гаа буцах хүсэлтийг Улсын онцгой комисст удаа дараа гаргасан байна.

Хамтлагийн залуус Австрали улсын “Airbnb” сүлжээний хямд байранд байрлаж байгаа тухайгаа “Billboard” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Залуусын нөхцөл байдал ямар байгаа талаар тус хамтлагийн продюсер Б.Дашдондогтой холбогдож тодрууллаа.

-МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ТАНИГДСАН ГАНЦ БАЯЛАГАА ГАРГУУНД НЬ
ГАРГАЖ ХАЯЖ БОЛОХГҮЙ-

-Сайн байна уу таньд энэ өдрийн мэнд хүргэе. The HU хамтлагийн гишүүд эх орондоо ирж чадалгүй  Австралид саатсан гэх мэдээлэл байна. Тэд өнөөдрийн байдлаар ямар нөхцөл байдалд байна вэ?

-Байр түрээслээд л амьдарч байгаа. Түрээсэлж буй байрных нь төлбөр, мөнгө нь дийлдэхээ больж байна. Бид эх орондоо ирэх хүсэлтээ хоёр сарын өмнө өгсөн. Одоог хүртэл тэвчээртэй  хүлээж байна. “Ирэх хүсэлтэй байна, яаралтай хоёрдугаар альбомын ажилдаа ормоор байна” гэж хэлээд байхад л хүлээж авахгүй байна Улсын онцгой комиссынхон. Бидний хувьд нийгмийн хүрээнд хариуцлагатай хамт олон. Тийм учраас тэвчээртэй л хүлээж байна. Хүлээсээр байтал хамтлаг маань баларлаа. Хамтлагийн хоёрдугаар альбом бол маш чухал. Дэлхийд гарсан хамтлагуудын хоёрдахь альбом хамгийн чухал байдаг юм. Ирчихвэл альбомын ажилдаа ороод дэлхийд мандах дараагийн ажил руу гаа орох хэрэгтэй байдаг. Энэ үүднээс хамтлагийг яаралтай татахыг хүссэн. Засгийн газарт хүсэлтээ гаргаад удаж байна.

-Улсын онцгой комиссоос та бүхэнд ямар нэгэн хариу огт өгөөгүй юу?

-Улсын онцгой комиссоос “Наад хүмүүс чинь өвчтэй биш шүү дээ” гэж яриад байна. Гэтэл The HU бол Монгол улсыг дэлхийд сурталчилж байгаа ганц рок хамтлаг. Энэ бол Монголын үндэсний баялаг болж явах ёстой юм. Тэгэхээр Монгол улс дэлхийд танигдсан ганц баялгаа зүгээр гаргуунд нь гаргаад хаяж болохгүй  биз дээ. Үүнийгээ хайрладаг, хамгаалдаг, хөгжүүлдэг, дэмждэг байх ёстой. Ингэж байж манай улсад үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжинө шүү дээ.

The HU хамтлаг мандах тусам манай улсын эдийн засаг, хөгжил, дэвшилпд хэрэгтэй. Дэлхийд ганц танигдсан хамтлагаа тавиад туучихаж болохгүй шүү дээ.

-БИД МОНГОЛЫНХОО НЭРИЙГ БОДООД ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭГЭЭД БАЙНА.
ИРЖ ЧАДАХГҮЙ БОЛ ГУДМАНД ГАРНА-

-Хамтлагийнхан Австралид тоглолттой явж байгаад гацчихсан уу?

-Тоглолттой явж байгаад гацсан. Бид нар Индонез, Малайзад тоглочихоод дараа нь Австралид очиж хоёр тоглолт хийгээд л гацсан юм. Австрали хилээ хаана гэж гэнэт мэдэгдсэн. Зэрэгцээд мөн манайх хилээ хаасан юм.

-Австралийн тоглолтын дараа та бүхэн аль улсад тоглох төлөвлөгөөтэй байсан бэ?

-Латин Америкт тоглох байсан. Хөгжмийн хамгийн том арга хэмжээнүүдэд очиж тоглох байсан юм. АНУ-д мөн тоглох төлөвлөгөөтэй байлаа. Нийт 60-70 тоглолт Ковид-19 ээс болж цуцлагдсан.

-Хамгийн хямд зочид буудалд байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Үнэн. Аль болох хямд газарт л байхгүй бол болохоо болиод байна. Сүүлдээ хямд үнээ ч дийлэхээ болих нь. Бид Монгол улсынхаа, өөрсдийнхөө нэрийг бодоод тэвчээртэй байгаад гуйгаад хэлээд байхад ер ойлгохгүй юм. Тэгсэн мөртлөө дарга, цэрэг нарын хүүхдүүд ирсэн байна гэх юм. Таньдаг, мэддэг хүмүүс хүртэл ирээд хөл, хорионд орчихсон байна. Яг өвчтэй хүмүүс нь ирсэн юм уу гэхээр цөөн харагдах юм. Өөрсдийнхөө үр, хүүхэд, хамаатан садан, найз нөхдөө татаад байгаа л харагдаж  байна. Тийм учраас дуугарахаас өөр аргагүй. Одоо явах гурван нислэгт багтаж чадахгүй бол сонгуулийн дараа буюу долоо, наймдугаар сард хамтлагаа авах нь. Тэгэхээр чинь тэд тэнд гудманд гарна шүү дээ.

-Хоёр дахь альбом хэзээ  гаргаж дуусгах ёстой вэ?

-Одоо эхэлсэн байх ёстой. Бид энэ ондоо багтаан альбомоо өгөх ёстой юм. Хэрвээ сонгуулийн дараа ирвэл хөл, хорионд орсон хугацаатайгаа нийлээд 9,10 сард л альбомоо эхлэх гээд байна. Хоёрдугаар альбомын ажил зогсвол аюултай. Цаад гэрээ байгуулсан компани нь гэрээгээ цуцална.Монгол улсаа мандуулж буй ганц хамтлагаа хайрлаж, хамгаалахгүй бол болохгүй нь ээ.

-АНУ-ын гэрээтэй компани нь нөхцөл байдлын талаар хэрхэн ярьж байх юм?

-Тэд “Монгол улс The HU хамтлагаа татахгүй байгаад харамсаж байна” гэж л байна. Гэрээний дагуу бүх зардал бидэнд өр болж явдаг юм. Тоглолт хийгээд ашигтай байж чадахгүй бол өрөнд ордог л гэрээтэй юм. Хэрэв ашигтай байвал ашгаа хүртэж чаддаг. Одоохондоо The HU хамтлаг аялан тоглолт хийгээд нэг жил ч болоогүй байна. Гэхдээ энэ хугацаанд 128 удаа тоглосон байна. Нийт 50-60 оронд тоглосон байна. 110 гаруй хот улсад тоглосон. Энэ Монгол улсад маш хэрэгтэй шүү дээ. Дарга, цэрэг нар бол эх орондоо хайртай биш, эдийн засгийн мэдлэггүй байна. Манай хамтлагийг улс орондоо хэрэгтэй ажил хийдгийг мэддэггүй юм байна.

The HU баяжих гээд байгаа юм биш. Бид баяжих болоо ч үгүй. Харин Монгол улсын нэр хүндтэй холбоотой асуудал. Thu HU мандвал манай улсад аялал, жуулчлал хөгжинө. Монголын баялаг болсон хамтлагаа үнэ, цэнэгүй мэт гаргаж хаячихаад өөрсдийнхөө үр хүүхдийг татсан заваан юм хийгээд явж байна. Улсын онцгой комисст 3-4 удаа хүсэлт өгсөн.

-Сөүлийн онгоцонд ирүүлэх арга ер байхгүй гэнэ үү?

-Энэ онгоцоор л ирүүлээсэй гэж горьдож байна.




Өнөөдөр бич өдөр

38 минутын өмнө