Японы METI-ээс эрхлэн гаргадаг сэтгүүлийн шинэ дугаарт МОНГОЛЫГ онцолжээ

Японы METI-ээс эрхлэн гаргадаг сэтгүүлийн шинэ дугаарт МОНГОЛЫГ онцолжээ

Оны өмнөхөн Монгол, Японы бизнес эрхлэгчид чуулж, бизнесийн боломжоо хуваалцан, Монголоос Япон, Японоос Монголын зах зээлд нэвтрэх боломжийн талаар санал солилцож байсан. Тодруулбал 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Япон улсын Эдийн засаг, Худалдаа Аж үйлдвэрийн яам /METI/, Японы Гадаад худалдааны байгууллага /JETRO/ Японы Жижиг Дунд Үйлдвэрлэлийн агентлаг /SME Agency/, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Экспорт Олон улсын худалдааны төв, Үндэсний хөгжлийн газар хамтран "INVEST IN MONGOLIA 2019” Япон-Монголын бизнес форумыг Токио хотноо зохион байгуулсан нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны гарцыг нээж, түншлэл өргөжин тэлэхэд түлхэц болж өгсөн юм.

Уг чуулганаар Монголын 20 гаруй үйлдвэрлэгч компаниуд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, Японы бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид Монголын бараа бүтээгдэхүүнийг сонирхон Монголын компаниудтай танилцах, цаашид хамтран ажиллах боломжийг илүү нээлттэй болгож өгснөөрөө онцлог байлаа. Энэ бол эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн бодит үр дүнг бий болгож, үр шимийг нь хүртэх боломжийг нээсэн форум байсан юм. Тэгвэл Япон улсын эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам (METI)-ны дэргэдэх Эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн судалгааны хүрээлэн (REITI)-с эрхлэн гаргадаг сэтгүүлийн тэргүүн нүүрэнд Монголыг онцолжээ.

Тэр дундаа Япон-Монголын бизнес форумын үеэр тавигдсан Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан "Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин”, "Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн систем” –ийн танилцуулгыг онцолж, мөн Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн судалгааны институт REITI байгууллагатай судалгаа, шинжилгээний ажлыг цаашид хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлсэн талаар нийтэлсэн байна.

Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Япон улсын жижиг дунд үйлдвэрлэгчидтэй уулзан хамтын ажиллагааг тодорхой хэмжээнд эхлүүлсэн нь тус улсын зах зээл нэвтрэхэд шаардлагатай мэдээ мэдээллээр хангагдсан нь ийнхүү харагдаж байна. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа бизнесийн салбарт илүү бэхжин, өргөжих боломж нөхцөл бүрдэж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин