МҮБХ-ноос аймаг, цэргийн цолтнуудын албан ёсны эрэмбийг батлан гаргахтай холбогдуулан Хөвсгөл, Дархан-Уул аймгуудын үндэсний бөхийн холбоонд албан бичиг хүргүүллээ.
Тус бичигт,
“Дархан-Уул аймгийн баяр наадмын нэгийн даваад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат, аймгийн начин С.Өлзийбаярыг хасаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат,аймгийн харцага Э.Түмэн-Өлзийг түүний оронд оруулж барилдуулсан. Мөн тус наадмын нэгийн даваанд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, аймгийн начин Б.Төрмөнх, Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, сумын заан Б.Оюунхүү нар оноолт таарсан боловч хоёул ирж барилдаагүй талаар танай холбооноос албан бичиг манайд ирүүлсэн.
Гэтэл тухайн баяр наадмын хоёрын даваанд оноолтод ирж барилдаагүй гэх сумын заан Б.Оюунхүүг давсан хэмээн үзэж, оноолтод оруулсан байна.
Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбоонд санал, гомдол ирж байгаа тул албан ёсны тайлбар ирүүлнэ үү” гэжээ.
Мөн “Монголын Үндэсний бөхийн холбоонд Хөвсгөл аймгийн 2023 оны баяр наадмын тавын даваанд тунаж барилдсан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн начин Б.Төрбадрах, Төв аймгийн Зуунмод сумын харьяат, аймгийн начин Б.Дэлгэрдалай нарын барилдааныг шүүн шийдвэрлэсэн талаарх зохих мэдээллийг холбогдох байгууллага авах болон тус барилдааны шүүлтийн талаарх гомдлыг бөх, бөх сонирхогчдоос ирүүлээд байна.
Монгол бөхийн жудаг ёсыг алдагдуулж барилдааныг илтэд буруу шүүсэн нь барилдсан бөхийг хохирохоос гадна үндэсний бөхийн нэр хүндийг олон нийтийн дунд унагаж байгаа асуудал юм.
Иймд дээрх хоёр бөхийн барилдааныг шүүн шийдвэрлэсэн талаарх тайлбараа 2023 оны аравдугаар сарын 2-ны дотор албан ёсоор илүүлж ажиллана уу” гэсэн байна.