"Мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хэвлэж, иргэдэд тараасан байж болзошгүй хэрэг Ховд аймгийн Жаргалант суманд гарсан" гэж АН-аас мэдээллээ

"Мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хэвлэж, иргэдэд тараасан байж болзошгүй хэрэг Ховд аймгийн Жаргалант суманд гарсан" гэж АН-аас мэдээллээ

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Энэ үеэр АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж, "Эрх баригч намынханд сануулсаар байхад Монголын ард түмнийг юман чинээ бодолгүйгээр хууль бус үйлдэл хийсээр байна. Яг одоо манай хуулийн байгууллага гомдол гарган шийдвэрлсэн болон шийдвэрлэхээр ажиллаж байгаа хэргүүдийг танилцуулж байна. Санал авах байруудад оочер дараалал үүссэн, нэг хүн днджаар 2-3 минутын хугацаатай саналын хуудас бөглөж байхад санаатайгаар 30-40 минут санал бөглөж, албаар түгжрэл үүсгэх тохиолдлууд зарим санал авах байранд гарч байна.

Нэгдүгээрт, зэвсэгт хүчний 183, 110 дугаар ангиудын цэргүүдийг хүчээр МАН-ын нэр дэвшигчдийн нэрийг дугуйлуулж байна. Тэдэнд нэр бичиж өгөөд, цэргүүдийн халаасанд нь хийсэн байсан. Улмаар цэргүүд саналаа өгөх үедээ тэр цаасыг гаргаж ирээд сонгогчийг бөглөж буй үйлдлийг ажиглагчид барьсан. Тагнуулын ерөнхий газарт энэ асуудлаар гомдол гаргах болно. Ганцхан Орхон аймагт ч гэлтгүй Сэлэнгэ аймгийн Зэвсэгт хүчний хоёр алба дээр цэргүүдийг бөөнөөр нь ачаад МАН-д санал өг гэсний дагуу очсон мэдээ байна. 

Хоёрдугаарт, төрийн байгууллагыг ашиглаж, иргэд, сонгогчийн саналыг худалдаж авч буй хэрэг гарсан. Эмнэлгийн машин буюу түргэний машиныг ашиглаж, чанга яригчаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэргүүтэй Б.Баярсайхан, н.Мэндсайхан, Э.Болормаа тэргүүтэй хүмүүс очих үед зар хүргэсэн байгаа юм. Энэ асуудлыг АН-ын хууийн албанаас Цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргэж, 20 сая төгрөгөөр холбогдох этгээдийг торгосон.

Гуравдугаарт, Монгол төрийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хэвлэж, иргэдэд тараасан байх магадалалтай хэрэг гарлаа. Ховд аймгийн Жаргалант сумын Цагаан эрэг гэх газар их хэмжээний хуурамч Монгол мөнгөн тэмдэгтүүдийг хэвлэж, тэр нь салхинд хийсэж байсан дүр зураг бий. Ховд аймгийн сонгууль эрхэлсэн байгууллагаас тэр хэвлэсэн мөнгөнүүдийг баримт болгон авсан байгаа.

Дөрөвдүгээрт, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга н.Билэгсүмбэрэл гэх хүн машиндаа иргэд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тарааж буй үйлдэл нь газар дээрээ баригдсан байна. Төрийн албан хаагч нь иргэдийн саналыг татах зорилгоор сонгууль болоход хэдхэн цаг дутуу байхад аргаа барсандаа хийж болох хууль бус бүх зүйлийг хийж эхэллээ. Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар санал авах байран дээр сонгогчийн санал авч байгаа машины дээр нь камер байршуулсан хэрэг мөн гарсан" гэлээ.