ШУУРХАЙ: УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн мэдээг СЕХ-ноос өнөөдөр албан ёсоор мэдээлэхээр болжээ

ШУУРХАЙ: УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн мэдээг СЕХ-ноос өнөөдөр албан ёсоор мэдээлэхээр болжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр /2024.06.28/ болж өндөрлөсөн. Урьдчилсан дүн мэдээгээр парламентад МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найман суудал, "Үндэсний эвсэл" дөрвөн суудал, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудалтай болоод байна. 

Тэгвэл өнөөдөр /2024.06.29/ Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнг албан ёсоор олон нийтэд зарлаж, хэвлэл хурал хийнэ гэдгийг албаны эх сурвалж бидэнд мэдээллээ. Харин СЕХ-ны тус хэвлэлийн хурал хэдэн цагт болох нь одоогоор тодорхойгүй байна. 

Сонирхуулахад,  урьдчилсан мэдээгээр, "13 тойргоос МАН 50 суудал, АН 26, ХҮН нам хоёр суудал аваад байна. Харин улс төрийн намын сонголтоор МАН 500,123, АН 429,456, ХҮН нам 146,665, Үндэсний эвсэл 73,575, Иргэний зориг ногоон нам 71,766 хүний саналыг тус бүр авсан. Ингэснээр МАН-ын жагсаалтад бичигдсэн Г.Лувсанжамц тэргүүтэй 18 хүн, АН-ын жагсаалтад бичигдсэн Л.Гантөмөр тэргүүтэй 16 хүн, ХҮН намын жагсаалтын эхэнд бичигдсэн Т.Доржханд тэргүүтэй зургаан хүн, "Үндэсний эвсэл"-ийн жагсаалтад бичигдсэн Н.Номтойбаяр тэргүүтэй дөрвөн хүн, Иргэний зориг ногоон намын жагсаалтын эхэнд бичигдсэн Б.Батбаатар тэргүүтэй дөрвөн хүн УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болсон" гэж байгаа юм.