Б.Лхагважав: Сүүлийн таван жилд татварын бүх орлого 15-20 хувь давж биелсэн ч аж ахуйн нэгж, иргэд дээр ирж байгаа ачаалал буураагүй /ВИДЕО/

Б.Лхагважав: Сүүлийн таван жилд татварын бүх орлого 15-20 хувь давж биелсэн ч аж ахуйн нэгж, иргэд дээр ирж байгаа ачаалал буураагүй /ВИДЕО/

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ болж байна.

ВИДЕО:

-ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛЖ БАЙГАА ИРГЭН ЭНЭ ЭРХЭЭ ЭДЭЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЯЛД УНАЖ БОЛОХГҮЙ - 

“Урбанек” компанийн захирал Б.Лхагважав ярихдаа, Татварын шинэчлэл 1992 оноос хойш дөрвөн удаа хийгдсэн. Хамгийн сүүлд 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байхдаа хийж байсан. Татварын ерөнхий хуулийн хэлэлцүүлэг яригдах ёстой байсан ч аж ахуйн нэгж дээр төвлөрч ярьж байна. Татварын ерөнхий хуулиар онолын мэтгэлцээн хийх ёстой. Өнөөдөр НӨАТ-ын систем сайн ажиллаж байгаа учраас татварын байцаагч нарыг халж болно. IT систем хэрэгжсэн учраас гаалийн байцаагчдыг ажлаас нь халж болно гэх мэт зүйлс Татварын ерөнхий хуульд байгаа. Аж ахуйн нэгж дээр философийн хувьд төвлөрье. Бид үндсэн хуулиараа иргэн бүр аж ахуй эрхлэх эрхтэй. Аж ахуй эрхлэнэ гэдэг бол бүлэг хүмүүсийн цалингийн төлөө явж байгаа хамт олон. Энэ эрхээ эдэлсний төлөө ялд унаж болохгүй. Инфляцийн санкцт орж өндөр татвар төлж болохгүй. Аж ахуй эрхлэнэ гэдэг бол Үндсэн хуулийн эрхийн асуудал. Тийм учраас аж ахуй нэгжийн орлогын албан татвар бол аж ахуй нэгж эрхэлж байгаа иргэндээ ээлтэй, аль болох хөгжүүлэх, саад тотгор болохгүй байх, чөлөөт зах зээлийн зарчим үйлчлэх философи явах ёстой. Үүнийг бид 2019 оны хуулиар хийж чадсан. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд нэг хувиар татвараа төлөөд явж байгаа. Хамгийн гол нь 2020 онд Татварын ерөнхий газар тухайн үед гарах 34 журмынхаа 20-ийг нь гаргаагүй байсан. Хууль нь хэрэгжээд эхэлсэн байхад журам нь гараагүй байсан. Процесс хоцорсон.

-ТАТВАРЫН ХУУЛИНД ОРУУЛЖ БАЙГАА ТОО ХЭМЖЭЭГ ТУХАЙН ЖИЛИЙН ИНФЛЯЦИ, МӨНГӨНИЙ УНАЛТТАЙ УЯЖ ТОМЬЁОЛЖ ОРУУЛАХ ЁСТОЙ-

НӨАТ-ын систем 2015 онд ажиллаж эхэлсэн.Эднийг бид 2015 онд зэрэг батлаад аж ахуйн нэгждээ татварын буцаалт өгөөд, иргэндээ НӨАТ-аар буцаалт өгөөд системийн хувьд эрүүл болгоё гэсэн боловч системийн хувьд 5 жилээр хоцорсон. Нөгөө талаас, татварын хуулинд оруулж байгаа тоо хэмжээг тухайн жилийн инфляци, мөнгөний уналттай уяж томъёолж оруулах ёстой. Тэгэх юм бол жил бүр татварын хууль өөрчлөх шаардлагагүй болно.

Сүүлийн таван жилд татварын бүх орлого 15-20 хувь давж биелсэн. Орлого олоод байна. Орлого олж байгаа аж ахуйн нэгж, иргэд дээр ирж байгаа ачааллыг яаж бууруулах вэ гэдэг л чухал байна. Орлого татвар тасраад байсан бол өмнөх бодлого буруу байжээ гэж бодож болно.