Латви улсад хадгалагдаж буй "Эрдэнэт үйлдвэр"-ийн Г.Амарбатын хахуулийн 1.7 тэрбумыг тус улс 100 хувь шилжүүлэх боломжгүй гэж мэдэгджээ

Латви улсад хадгалагдаж буй "Эрдэнэт үйлдвэр"-ийн Г.Амарбатын хахуулийн 1.7 тэрбумыг тус улс 100 хувь шилжүүлэх боломжгүй гэж мэдэгджээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нь тус албан тушаалыг хашиж байхдаа "Эрдэнэт үйлдвэр"-тэй Зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан компаниудаас хахууль авч, улмаар Бүгд найрамдах Латви улсын арилжааны банканд хадгалж байсныг АТГ-ынхан илрүүлсэн байдаг. 

Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нь 2010-2013 оны хооронд тус албан тушаалыг хашиж байхдаа "Эрдэнэт үйлдвэр"-тэй Зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан “Трафигура Бехеер Амстердам”, Таурус Металс” компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан Гарланд Маркетинг компани /Garland Marketing LTD/-ийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд эзэмшдэг дансаар дээрх компаниудын нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдээс хахууль авдаг байдаг.

Уг хахуулийн мөнгөнийхөө хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2014 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд харилцах данс нээж, улмаар тухайн дансанд байсан 671,440 ам.долларыг 540,307,98 евро /1,603,644,890.79 төгрөг/-оор солиулан хэлбэр хэмжээг өөрчилсөн, тус дансанд 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр хүртэл 570,307,98 евро буюу 1,7 тэрбум төгрөгийн эзэмшиж, нуун далдлан мөнгө угаасан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон байдаг. Тиймээс тус мөнгөн хөрөнгийг АТГ-аас буцаан авчрахаар ажиллаж эхэлсэн байдаг юм. 

Тэгвэл Бүгд Найрамдах Латви Улсаас тухайн мөнгөн хөрөнгийг "Монгол Улсын талд 100 хувь шилжүүлэн өгөх боломжгүй" гэдгээ илэрхийлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Латви улсаас тухайн улсын Ритуму банканд хадгалагдаж буй 70,307,98 евро буюу 1,7 тэрбум төгрөгийг Монголын талд шилжүүлвэл тухайн улсын хууль тогтоомжийг зөрчинө. Тиймээс Латви улсын хууль шүүхээр тус асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлэсний дараа хэрхэхийг шийднэ гэх байр суурийг илэрхийлжээ. 

Гэсэн ч АТГ-ын дэд дарга Г.Азжаргалаар ахлуулсан Ажлын хэсэг Латви улсын Ритуму банканд хадгалагдаж буй 1,7 тэрбум төгрөгийг Монголын талд шилжүүлэн авах ажлыг үргэлжлүүлж байгаа юм байна. 

Ташрамд өгүүлэхэд, уг хэргийг шүүх хурал өнгөрсөн оны 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч Г.Амарбатад 1.7 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг угаасан гэм буруутай гэж шүүх дүгнээд хахууль авсан үйлдэлд нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хоёр жил хорих, мөнгө угаасан хэрэгт нь зорчих эрхийг нэг жил хасах ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор тухайн хэрэг өдгөө ч эцэслэгдээгүй байгаа юм.