Гаднын улс руу оргон зайлсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин зарлагджээ

Гаднын улс руу оргон зайлсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин зарлагджээ

Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Бямбадорж, Б.Баттулга нар хэрэг нь шүүхэд шилжсэн даруйд оргон зайлсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тухайн этгээдүүдийг гадаад улсад байгааг нь олж тогтоосон гэдгийг эх сурвалж мэдээлдэг. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 22-ны /2025.04.22/ өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна. Хэдийгээр шүүгдэгч нар нь оргон зайлсан ч шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, товыг хойшлуулдаг гэдгийг эх сурвалж тодотгодог юм.

Нийслэлийн прокуророос Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадорж, Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын 9 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3-1 /Залилах/, 17.5-1 /Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 23.2-2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/ гэсэн арав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм.