Манай улс дэлхийн улс орнуудад 50 гаруй дипломат төлөөлөгчийн газар, 34 Элчин сайдын яам байгуулан ажиллуулж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дөрвөн жилийн өмнө сайдаар томилогдсон даруйдаа 23 улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг УИХ-д өргөн мэдүүлэн томилуулж байсан. Дээрх 23 Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусч, дахин 23 Элчин сайдыг томилно. Гадаад харилцааны яамнаас эл томилгоог хаврын чуулганы хугацаанд багтаах мэдээлэл бий.
Тэгвэл тэдний нэг нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц байх аж. Тодруулбал, түүнийг Тайваньд суух консулаар томилох тухай мэдээлэл байна.
Б.Хурцын хувьд 1990 онд нийслэлийн 23-р дунд сургууль төгсөөд ЗХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум, 1992 онд Удирдлагын хөгжлийн институт, 1999 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистик ба информатикийн дээд сургууль, 2000 онд ОХУ-ын Тагнуулын академид тус тус суралцан төгссөн.
- 1992-2000 онд “Торгоны зам” ХХК-д менежер, Москва дахь төлөөлөгч.
- 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан
- 2002-2003 онд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн дарга
- 2003-2004 онд Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн дарга
- 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газарт хэлтэс, газрын орлогч, газрын дарга
- 2006-2009 онд “МИАТ” хувьцаат компанийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч
- 2009-2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга
- 2011-2014 онд Авлигатай тэмцэх газрын дэд дарга
- 2014-2017 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас 2017 оны 11-р сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилуулах саналыг өргөн барьсан ч УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонх дэмжээгүй. Хоёр ч удаа түүнийг БНСУ-д Элчин сайдаар томилох саналыг гаргасан ч айлын тал хүлээж аваагүй тохиолдол ч бий. Учир нь түүнийг хүний эрхийн зөрчилтэй үйлдлийг удаа дараа гаргасан гэж үздэг байна. Мөн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт түүнийг буруутган, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 онд ял оноосон юм. Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 12-р сарын 28-ны өдрийн 195 дугаар зарлигаар хошууч генерал цолоор шагнуулсан байна. Мөн Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны одон, бусад медалиудаар шагнагджээ.