Хотын дарга Х.Нямбаатар нь өнгөрсөн оны аравдугаар сарын 15-ны өдөр "Голомтын Д.Баясгалан"-ийн хүн гэгддэг Т.Даваадалайг өөрийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилсон. Тухайн үед "Голомтын Д.Баясгалан бүрэн эрхт төлөөлөгчөө /БЭТ/ нийслэлд тавилаа" гэж байв.
-Т.ДАВААДАЛАЙГ ТОМИЛСНООС ХОЙШ НЭГ САР ХҮРЭЛГҮЙ ХУГАЦААНД ТҮҮНИЙ ДҮҮ Т.МӨНХДАЛАЙГ МЕТРО ХАРИУЦСАН ТӨСЛИЙН УДИРДАГЧААР ТОМИЛСОН БАЙНА-
Т.Даваадалайгийн хувьд инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй бөгөөд 2021-2022 он хүртэл “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал, 2022-2024 онд “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байжээ.
Тэгвэл Т.Даваадалайг томилоод нэг сар ч өнгөрөөгүй байхад түүний төрсөн дүү Т.Мөнхдалайг "Улаанбаатар метро" төслийн удирдагчаар томилсон байна.
-"БОДЬ" ГРУПП НЬ БӨӨРӨЛЖҮҮТИЙН СТАНЦ, УРТ ЦАГААНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, МЕТРО ЗЭРЭГ НИЙСЛЭЛИЙН БҮХ ТӨСӨЛД ОРОЛЦОЖ БАЙНА-
Т.Мөнхдалайг "Голомтын Д.Баясгалан" эсвэл ах Т.Даваадалайн аль нь нөлөөлж томилуулсныг мэдэхгүй ч нийслэл дээр ийнхүү ах дүү хоёр чухал ажил, албан тушаал хашиж байна. Д.Баясгалан нь нийслэлтэй хамтран 600 мВт-ын "Бөөрөлжүүт" -ийн цахилгаан станцыг барьсан Тодруулбал, Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг "Бодь" группт өгөөд Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барьсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Тус станц өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.
Мөн Нийслэлийн өмчийн 3-р байр буюу Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх шийдвэр гарч, 2024 оны нэгдүгээр сард нураан далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Уг байршилд зөвхөн цэцэрлэгт хүрээлэн хийхээс гадна B1 давхартайгаа нийлээд нийт дөрвөн давхар жуулчдад зориулсан үйлчилгээний барилгыг барьж байгаа юм. Үүнд нийт 44 тэрбум төгрөгийг зарцуулж буй. Уг бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгчээр "Бодь пропертийз" ХХК шалгаран өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд гэрээ байгуулсан. Уг компани нь "Бодь групп"-ийн охин компани бөгөөд "Голомт"ын гэх тодотголтой Д.Баясгалангийн эзэмшлийнх. Иймд Голомтын Д.Баясгалан Нийслэлийн өмчөөр бас нэгэн бизнесээ эхлүүлсэн байгаа юм. Учир нь Д.Баясгалан Нийслэлийн болон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийн гүйцэтгэгчээр сонгогдох эс бөгөөс төсвийн мөнгөөр түүний хувийн бизнесийг тэтгэсээр ирсэн. Х.Нямбаатар Нийслэлээс бонд босгож 300 тэрбумаар Голомтын Д.Баясгалангийн “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-д хөрөнгө оруулалт хийсэн дээрх жишээ ч үүнтэй холбоотой. Мөн Х.Баттулга ерөнхийлөгч болоод Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг оффтейк гэрээ байгуулж байгаад “Бодь групп”-ээр хийлгэх зэргээр Д.Баясгалан нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоо харилцаа тогтоож, бизнесээ өргөжүүлж, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж түүнээсээ ашиг хонжоо олж байдгийг нотлох баримт хангалттай бий.
Ерөөс нийслэлийн бүх ажлыг "Бодь групп", "Голомтын Д.Баясгалан" хамж байгаа бөгөөд дээрхээс гадна метро төсөлд ч эднийх оролцож байгаа аж. Метроны туршилтын үеийн нээлтийг 2030 онд дуусгахаар холбогдох тендерийг зарласан бөгөөд урьдчилсан дүнгээр 1.5 тэрбумаар барих тооцооллыг гаргасан. Метро төслийн төсөвт өртөг болох 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн 85%-ийг бага хувийн хүүтэй, урт хугацааны эргэн төлөлттэй зээлээр бүрдүүлэх саналуудыг Английн Засгийн газрын харьяа агентлаг болон Франц, Итали улсын агентлагуудаас авч хэлэлцээр хийгдэж байгааг Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай өнгөрсөн сард мэдээлсэн байдаг