Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Шүүхийн тухай хуулийн 47.6-д “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заажээ. Энэхүү заалтын “Шүүгчээр 30 болон түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэц үзсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ болзлыг хангасан хүнийг өөрөө хүсээгүй байсан ч шууд тэтгэвэрт нь гаргаж болохоор байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэв. УИХ ч үүнтэй нь санал нэгдэж дүгнэлтийг нь хүлээж авсан.
УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа нас харгалзахгүйгээр шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болохоор заасан юм. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.