Жагсаал, цуглааны эрх чөлөөний тухай хуулийн төслийг дэмжлээ

Жагсаал, цуглааны эрх чөлөөний тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.04.22/-ийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-аас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд анх баталсан бөгөөд түүнээс хойш нийт 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, 2006 онд Сүхбаатарын талбайд хоноглох, гэр, майхан, унаа хөсөг оруулахгүй байх зохицуулалт нэмсэн, 2015 онд жагсаал, цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл олгодог байсныг мэдэгдэл хүргүүлэх, гэхдээ хариу заавал авах зохицуулалттай болгосон.

2015 онд Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өөрчлөлт оруулсан, 2017 онд Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хориглох хүрээг өргөжүүлсэн агуулгаар өөрчилсөн. Харин 2014 онд жагсаал, цуглааныг албадан тараах үйл ажиллагаанд зөвхөн дотоодын цэргийн нэмэлт хүч хэрэглэхээр заасныг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас дэмжлэг авч болох тухай, 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр жагсаал, цуглааныг зохион байгуулах мэдэгдлийг бичгээр хүргүүлэх, 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хориглох байршлыг төрийн тусгай хамгаалалтын байнгын бүс байхаар нэмсэн зэрэг өөрчлөлтийг оруулжээ.

Монгол Улсад жагсаал, цуглаан зохион байгуулагдаж ирсэн тоо баримтыг сүүлийн найман жилийн байдлаар авч үзвэл 2014 онд 115, 2015 онд 140, 2016 онд 121, 2017 онд 128, 2018 онд 180, 2019 онд 206, 2020 онд 255, 2021 онд 214, 2022 онд 241, 2023 онд 254, 2024 оны наймдугаар сарын байдлаар 155 удаагийн жагсаал, цуглааныг иргэд, олон нийтийн зүгээс зохион байгуулж, мөн цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу уг үйл ажиллагааг болон оролцогчдын аюулгүй байдал, дэг журмыг хангуулан ажиллажээ.

Жагсаал, цуглааны тоо өсөхийн хэрээр зохион байгуулагдах хэлбэр, хүрээ хязгаар нь ч харилцан адилгүй болж байгаа бөгөөд ийнхүү шинээр үүсэж байгаа нөхцөлд нийцсэн зохицуулалт хийх шаардлага үүссэн байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тулгамдаж байгаа асуудлуудад дэвшилтэт зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж дүгнэжээ. Шинэчлэн найруулсан хуулийн төсөл 6 бүлэг, 16 зүйлтэй.