Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджавын бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сарын 09-ны өдөр дуусаж буй. Түүний оронд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан С.Магнайсүрэнг томилох саналыг өчигдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д гаргасан юм. Улмаар Төсвийн байнгын хороо саналыг хүлээн авч хэлэлцээд нэр дэвшигчийг сонсголыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.
С.Магнайсүрэн нь 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2006-2007 онд Хүнс хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байсан юм.