Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 08-ны /2024.04.08/ өдөр гал гарч, галын улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан Д.Жанчив агсан амь насаа алдсан.
Түүний гэргий Б.Ганцэцэг энэ сарын 08-ны өдөр /2025.04.08/ мэдээлэл хийж, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж Дүнжингаравын дэлбэрэлтийн үеэр гал унтраах явцдаа амиа алдсан аврагчдын ар гэр ахуйн асуудал дээр буцалтгүй тусламж үзүүлсэн. Гэхдээ миний гэр бүл, үр хүүхдүүдийн хувьд яагаад ийм шударга бус хандаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний даргад хандаж хэлмээр байна. Санаачилсан хуулийнхаа хүрээнд энэ асуудлыг шийдэж болдоггүй юм уу. Хуулийн хүрээнд биш юм аа гэхэд энэрэнгүй хүн чанар гаргаад энэ алба хаагчийн ажилласан жилийг нь хүргээд адилхан үнэлж болохгүй байгаа юм бэ. Ажилласан жилийг нь үнэлдэггүй юм аа гэхэд үлдсэн таван хүүхдийнх нь өмнө төр хариуцлага хүлээхгүй шударга бус хандаад байгаа юм бэ. Өнөөдөр миний хань заавал олны анхааралд өртөж амь насаа алдах ёстой байсан юм уу. Олны анхааралд өнгөрсөн бол миний хүүхдүүд тэрхүү тусламжид хамрагдаж чадах байсан юм болов уу гэж би бодож байна" гэж мэдэгдэн суулт зарлаж эхэлсэн.
Тэгвэл Онцгой байдлын албанаас Д.Жанчив агсны гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болжээ.