УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.24/ хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа " 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол дөрөвхөн зүйлтэй мөртлөө гайхамшигтай. Энэ хуулийг дордуулсан хууль гаргахыг хориглосон. Гэтэл жоомоо алах гэж байгаад байшингаа шатааж байгаа шиг юм болж байгаа юм биш үү. 2012 онд "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагаас гаргасан индексээр Монголын хэвлэлийн эрх чөлөө 100 дугаар байрт байсан. Ардчилсан намын засаглалын үед 2015 онд 54 дүгээр байрт орсон. 50 байраар урагшилж 100 хувийн амжилт үзүүлсэн. Харамсалтай нь 2024 онд дахиад 50 байраар ухарч, 109 дүгээр байрт орсон. Үүний шалтгаан нөхцлийг судалсан уу. Ардчилсан намын үед энэ индекс урагшлаад Ардын намын үед яагаад ухраад байдаг юм" гэлээ.
Түүний асуултад Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариулахдаа " Индекс ухарч байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулиа өөрчлөөд дахиад Хүний эрхтэй холбоотой хуулийн өөрчлөлтүүдийг хийнэ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бусад эрх, эрх чөлөөний тухай хуультай хамтран хэрэгжиж буй учир сайтар томъёолж баталж чадвал индекс урагшилна. Ер нь нууц хадгалах нь хариуцсан албан тушаалтны үүрэг болохоос биш тэрийг мэдээлсэн сэтгүүлчийн буруу болж үүрэг нь болох ёсгүй" гэлээ.