МАН-ын бүлэг “Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх” гэмт хэргийн талаарх мэдээллийг хаалттай сонсож, УИХ-д танилцуулаад эргэн мэдээлэхийг санал болгожээ

МАН-ын бүлэг “Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх” гэмт хэргийн талаарх мэдээллийг хаалттай сонсож, УИХ-д танилцуулаад эргэн мэдээлэхийг санал болгожээ

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг ч энэ долоо хоногт хойд бүсийн зөвлөлийн хуралдаантай холбоотойгоор даваа гараг/2025.04.28/-т МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж чадаагүй. 

Улмаар МАН-ын бүлэг мягмар гараг /2025.04.29/-т 15.00 цагт нөхөж хуралдсан. Уг хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 4 дүгээр дүгнэлт болон Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн мэдээлэл, Хүүхэд, боловсрол, шим тэжээлийн талаарх танилцуулга, мэдээллийг сонссон юм. 

-МАН-ЫН БҮЛЭГ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ХААЛТТАЙ СОНСЖЭЭ-

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хуралдаанд "Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл"-ийн мэдээллийг танилцуулах үеэр Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх баримтуудыг хаалттайгаар сонсжээ. Уг хүний эрхийн илтгэлд Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх тэр дундаа бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг тогтмол өсөж, хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байх эрх зөрчигдсөөр байгаа талаар тусгажээ.

Цагдаагийн байгууллагын мэдээллээс харахад Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн сүүлийн таван жилийн байдлаар нийт 2207, үүнд 2020 онд 248, 2021 онд 362, 2022 онд 458, 2023 онд 541, 2024 онд 548 хүүхэд өртсөн бөгөөд хохирсон хүүхдийн тоо өмнөх онтой харьцуулахад 2021 онд 16.7 хувь, 2022 онд 22.4 хувь, 2023 онд 9.6 хувь, 2024 онд 9 хувиар тус тус өссөн байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1630 хүүхэд хохирсон бөгөөд үүнээс 0-7 насны 110, 8-13 насны 685, 14-17 насны 835 хүүхэд байна.

Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн тоон үзүүлэлт жил ирэх бүр өсөж, гэмт хэргийн илрүүлэлт буурч байгаа нь тус гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил үр дүн муутай, нөгөө талаар ураг төрлийн хүчингийн хэргийг нуун дарагдуулах хандлагатай байдаг гэж Хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд тусгажээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр нийт 4161 хүүхэд үзлэгт хамрагдсанаас эрэгтэй хүүхэд 263, эмэгтэй хүүхэд 3898 байна. Эдгээр хүүхдүүдийг насны хувьд авч үзвэл 0-6 насны 350, 7-13 насны 1395, 14-15 насны 1558, 16-17 насны 858 хүүхэд байна.

-СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 0-14 НАСНЫ 98 ХҮҮХЭД, 15-19 НАСНЫ 11878 ХҮҮХЭД ТӨРЖЭЭ-

Мөн сүүлийн таван жилийн хугацаанд 10-14 насны 98 хүүхэд төрж, 215 хүүхэд үр хөндөлт хийлгэсэн бол 15-19 насны 11878 хүүхэд төрсөн бол, 2950 хүүхэд үр хөндөлт хийлгэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн мэдээллээр сүүлийн таван жилийн хугацаанд дээрх гэмт хэрэгт холбогдон 902 хүн ял шийтгүүлснээс 152 хоригдол хугацаанаас өмнө суллагдаж, долоон хоригдол өвчний учир ялаас чөлөөлөгдөж, дөрвөн хохиргдлыг УДШ-ээс цагаатгасан байна.

Ийнхүү насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчдыг хамгаалах чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллагаас хүчин чармайлт, олон улсын дэмжлэгтэйгээр судалгаа хийгдэж, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийн чадавх, эрх зүйн зохицуулалт сайжирсан хэдий ч бага насны хүүхэд хүчинлэх гэмт хэрэг жил бүр өсөж байгааг бүх түвшинлд онцгой анхаарч зохих арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай байгаа талаар илтгэлд танилцуулсан байна.

Улмаар МАН-ын бүлэг эдгээр мэдээллийг хаалттай сонсоод зайлшгүй анхаарах шаардлагатай гэж үзэн УИХ-д танилцуулж, дүгнэлт гаргуулаад эргэн мэдээлэх санал гаргажээ. Тодруулбал, "Ноорог.мн" сайттай холбоотой үүссэн асуудлын адилаар хүүхдийн эрхийн энэ асуудалд дүгнэлт гаргаж, иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс нээлттэй мэдээлэл хийх, УИХ-д нээлттэй танилцуулах зэрэг саналыг тавьсан байна.