2023 онд Монгол Улс АНУ-тай албан хэлэлцээр хийж, сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны “Open sky” гэрээг үзэглэсэн.
ВИДЕО:
Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Arilines”компани Монгол Улс руу 2025.05.01-нээс албан ёсоор нислэг үйлдэж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд боллоо. Ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын /ССАЖЗ/-ын сайд Ч.Номин, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
-UNITED AIRLINES АВИА КОМПАНИ 1023 ОНГОЦТОЙ, АНУ-ААС ОЛОН УЛС БОЛОН ОРОН НУТГИЙН 350 ГАРУЙ ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДДЭГ-
Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна Turkish airlines, Korean Air, Asiana Airlines, Air China тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд United Airlines компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байна. АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч UNITED AIRLINES авиа компани 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд Boeing 737-800 агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэж, өчигдөр Улаанбаатар хотод анхны буултаа хийж, оройн 21:12 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа.
United Airlines авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог. Тус нислэг нь АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх анхны агаарын тээврийн компани болж байна. Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ.
-UNITED AIRLINES КОМПАНИ 2025.05.01-10.13 ХООРОНД ТОКИО-УЛААНБААТАР-ТОКИО ЧИГЛЭЛД 7 ХОНОГТ 3 УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ-
Нислэгийн цагийн хуваарь: · Токио (Нарита) ⟶ Улаанбаатар 16:30 – 20:55 Мягмар, Пүрэв, Ням гараг · Улаанбаатар ⟶ Токио (Нарита) 09:55 – 15:45 Даваа, Лхагва, Баасан гараг