Сербийн Нови Сад хотод болсон 16 хүний аминд хүрсэн төмөр замын вокзалын халхавчны нурсан ослын зургаан сарын ойг тохиолдуулан тус улсын олон мянган иргэн тавдугаар сарын 1-ний өдөр гудамжинд гарч, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардан жагсаал хийжээ.
Эмгэнэлт осол нь сүүлийн жилүүдэд Сербид болсон хамгийн том дэд бүтцийн сүйрэлд тооцогдож байгаа бөгөөд саяхан шинэчлэгдсэн вокзалын бетон халхавч нурж, зорчигчдыг дарах үед 16 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн хүнд бэртсэн юм.
Тэгвэл өчигдөр /2025.05.01/ Сербийн Нови Сад болон Белград зэрэг томоохон хотуудад болсон жагсаалд иргэд, оюутнууд, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, жирийн ажилчид олноор оролцсон бөгөөд “үнэн нэхэж байна”, “хариуцлагагүй албан тушаалтнуудад зай тавь” гэх уриа бүхий лоозон барьсан байжээ.
Нови Сад хотод энэ үеэр сурагчид болон орон нутгийн иргэд эмгэнэлт явдалд өртөгсдөд зориулсан дурсгалын самбар нээж, гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Харин хотын дарга жагсагчид “эмгэнэлт явдлыг улс төржүүлж байна” гэж мэдэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Белград хотод оюутнууд болон үйлдвэрчний эвлэлийнхэн хамтран засгийн газрын ордон руу жагсаж, авлига, төрийн байгууллагын хариуцлагагүй байдлын улмаас иргэдийн эрх зөрчигдөж буй явдлын эсрэг хатуу дуу хоолойгоо илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC