"В.Путин Украинтай гал зогсоох гэрээ хийхийг хүсэхгүй байгаа ч, цуст дайныг зогсоох хэлэлцээр хийхээр Туркт уулзах санал тавьсан" гэж Д.Трамп мэдэгджээ

"В.Путин Украинтай гал зогсоох гэрээ хийхийг хүсэхгүй байгаа ч, цуст дайныг зогсоох хэлэлцээр хийхээр Туркт уулзах санал тавьсан" гэж Д.Трамп мэдэгджээ

Өнгөрөгч амралтын өдөр /2025.05.10/-т Франц, Их Британи, Польш, Германы удирдагчид Украинд гэнэтийн айлчлал хийж, "ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр ОХУ-ыг 30 хоног гал зогсоохыг шаардсан." Улмаар тэд ОХУ-ыг энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол Орост тавих хоригоо чангатгана гэдгээ анхааруулсан юм. 

Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2025.05.11/ мэдэгдэл хийж, тавдугаар сарын 15 /2025.05.15/-нд Туркийн Истанбул хотод Украинтай шууд яриа хэлэлцээ хийх саналыг дэвшүүлсэн юм. 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэлдээ, "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг дайнаа зогсоох гэрээ хийх сонирхолгүй байгаа ч, Туркт энэ пүрэв гараг /2025.05.15/-т уулзалт хийж, цуст мөргөлдөөнд цэг тавих талаар хэлэлцэх саналыг гаргасан" хэмээн онцолжээ.

Мөн тэрээр “Украин энэ уулзалтыг ЯАРАЛТАЙ зөвшөөрөх ёстой. Уулзалт хийснээр хэлэлцээр хийх боломж бий эсэх нь тодорхой болох бөгөөд хэрэв боломжгүй бол Европын болон АНУ-ын удирдагчид нөхцөл байдлыг мэдэж, цаашид хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ шийдэх боломжтой болно” хэмээжээ. Улмаар Д.Трамп, В.Путины саналыг Украин хүлээж авахгүй байх вий гэсэн болгоомжлолоо илэрхийлж, “В.Путин одоо Дэлхийн II дайнд ялалт байгуулсан баяраа тэмдэглэхэд анхаарч байна. Гэхдээ уг ялалт АНУ-ын туслалцаагүйгээр боломжгүй байсан гэдгийг санах хэрэгтэй” гэжээ. Ингээд Д.Трампын мэдэгдлийнхээ төгсөлд “ОДОО УУЛЗАЛТЫГ ХИЙ!!!” гэжээ.