Б.Оюунсүрэн: Анх хачигт "бариулж", эцэж турсан байсан бамбарууш маань зүс орж, том болсон. Түүнийгээ хүнд дасгахгүйг хичээж байна

Б.Оюунсүрэн: Анх хачигт "бариулж", эцэж турсан байсан бамбарууш маань зүс орж, том болсон. Түүнийгээ хүнд дасгахгүйг хичээж байна

Идэш тэжээлийн хомсдол болон бусад асуудлаас үүдэн зэрлэг амьтад уулнаасаа бууж, суурьшлын бүсэд нэвтэрсэн тохолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Улмаар үр зулзага нь өнчрөх тохиолдол ч байгаа юм. Үүний нэг жишээг дурдвал Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Тасархай гэх газарт хаваржиж байгаа С.Батмөнхийн малын бэлчээрт энэ сарын 03-ны /2025.05.03/ өдөр хүрэн баавгайн нэг бамбарууш ирсэн байна.

Улмаар айлын эзэд бамбаруушийг гэртээ авчран холбогдох байгууллагуудад мэдээлэл өгч, одоогийн байдлаар байгаль хамгаалагчид мэргэжлийн хүмүүс асарч, тэжээж байгаа юм. Мөн өмнө нь ийм жишээ давтагдаж байсан бөгөөд эхээсээ төөрч хоцорсон баавгайн бамбаруушнуудад Дондог, Дулам гэх нэр өгч, тэжээж өсгөөд зэрлэг байгальд тавьж байв. Иймд бид одоо тэжээж буй бамбаруушийн нөхцөл байдал, идэш тэжээлийн талаар Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюунсүрэнтэй ярилцлаа.

ВИДЕО:

-"МАЛЫН БЭЛЧЭЭРИЙН ОЙРОЛЦОО ЭХЭЭСЭЭ ТӨӨРСӨН БАЙСАН БАМБАРУУШИЙГ МАЛЧИН С.БАТМӨНХ ОЛСОН"-

-Эхээс төөрсөн баавгайн бамбаруушийг тэжээж эхлээд одоогийн байдлаар хэд хонож байна. Мөн энэ хугацаанд бамбаруушийн биеийн байдал сайжрав уу?

-Анх 2025 оны тавдугаар сарын 3-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тасархай гэх газар хаварждаг С.Батмөнх гэх малчин айлын ойролцоо өнчин бамбарууш орж ирсэн байсныг малдаа явж байсан хүн нь олсон байдаг. Тухайн үед усанд норж, нэлээд гэдсээ татаж, турж эцсэн байдалтай олдсон. Улмаар малчин айлаас манайх руу холбогдсон юм. Тэр байршилд нь эх нь орж ирж магадгүй гэсэн үүднээс гурав хоног тандаж байгаад тавдугаар сарын 6-ны өдөр хамгаалалтын захиргаанаас очиж, байран дээрээ авч ирсэн.

-Эх нь огт үзэгдэж харагдаагүй юу?

-Бамбаруушаа олсон газарт гурав хоног ажиглахад ямар ч зүйл ажиглагдаагүй. Эх нь ирээгүй. Тэгээд л нааш нь авч ирсэн. Бамбаруушны эх нь хоол хүнсний дутагдалд орсон уу, эсвэл ой хээрийн түймрийн утаанаас дайжсан уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зэрлэг амьтад хоол тэжээлийн дутагдалд орсноор суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол ихэссэн. Улмаар суурьшлын бүс рүү ойртсон тохиолдолд хууль бус анчид агнах, айлгаж үргээснээс болж эх нь явчихсан байж магадгүй. Хоёр жилийн өмнө ч бас хоёр бамбарууш Зэд Хантайн нурууны ард талаас урд тал руугаа буусан байсныг олж байсан. Тэгэхээр хоол тэжээлийн дутагдлаас үүдсэн буюу хүн төрөлхтөн зэрэгцэн оршиж буй ан амьтнаа бодохгүй, байгалиа зүй зохистой ашиглахгүйгээс болж нялх амьтан өнчрөх, эхээсээ хагацах ийм нөхцөл байдал үүсэж байна гэж дүгнэж байгаа.

-Баавгайн бамбарууш анх олдоход хэд орчим сартай байсан бол?

-Нэг сарын сүүлээр юм уу хоёр сарын эхээр баавгай төрдөг. Тиймээс сар гарантай л бамбарууш байна гэж бид тооцоолсон.

-"ХҮМҮҮСТ ДАСГАХГҮЙН ТУЛД БИТҮҮ ОРЧИНД БАЙЛГАЖ БАЙГАА"-

-Бамбарууш одоо ямар нөхцөл байдалтай байгаа вэ?

-Одоо хоол ундандаа их сайжирсан. Торон оромжинд байлгаж байгаа. Гурван цагийн зайтай нэг литр сүү өгдөг. Мөн гурав хоногийн өмнөөс жимс өгч эхэлсэн. Анх олоход хачигт баригдчихсан хэцүүхэн л байсан. Одоо бол үс нь сэргээд их өөр болсон. Хүн дөхөөд очихоор цаад булан руугаа шигдчихээд, хоол өгөхөөр ирээд идчихдэг. Байгалийн шалгарлын хуулийн дагуу баавгай газар ухаж идэш тэжээлээ олж иддэг учраас дух хэсгийн үс нь халцарсан байдалтай байгаа. Гэхдээ анх ирснээ бодвол үс нь сорлоод, тарга тэвээргээ сайн авсан байгаа.

-Бамбарууш нь хүмүүст хэр дасаж байгаа бол?

-Хүмүүст дасгахгүй гээд битүү орчинд байлгаад нэг талыг нь л онгойлгож байгаа. Өмнөх хоёр бамбаруушийг бодвол охин бамбарууш учраас их ааштай юм билээ.

-Өмнөх хоёр бамбаруушт Дондог, Дулам гэж нэр өгсөн байсан. Энэ удаа олдсон бамбарууштаа нэр өгсөн байгаа юу?

-Хоёр гурван нэр бодсон байгаа ч тогтсон нэр өгөөгүй л байна.

-Зэрлэг байгальдаа тааваараа амьдрах ёстой байтал энэ торонд ганцаараа байгаад байхаар ганцаарддаг болов уу?

-Ганцаардаад дуугараад л яваад байгаа юм. Хөөрхий минь. Уурлаад байгаа нь тэр байх. Хоол өгдөг хүмүүс нь хүртэл “амьтан ганцаараа байхдаа бүр өрөвдөлтэй юм. Харц нь хүртэл өрөвдөлтэй харагдаад байх юм” гэж хэлдэг.

-"ЗЭРЛЭГ АМЬТДЫН ИДЭШ ТЭЖЭЭЛИЙН ХОМСДЛООС БОЛЖ НЯЛХ АМЬТАН ӨНЧРӨХӨД ХҮРЧ БАЙНА"-

-Ойн баавгай хүнд дасахдаа хэр хурдан байдаг вэ. Хүнд дасчихвал өөртөө ч бусдад ч аюултай гэдэг шүү дээ?

-Ер нь дасаж байгаа юм шиг байна лээ. Өмнөх хоёр бамбаруушийг тавьчхаад байхад эргэж буцаад торон оромжиндоо орох гээд байсан. Тэгэхээр бид нэг хүнээр хоол өгүүлээд, аль болох хүнд дасахгүй байлгах арга хэмжээ авч байгаа. Хэрвээ хүнд дасчих юм бол зэрлэг байгальд тавьсан ч хүн харахаараа гүйж ирээд, өөрийнх нь амь насанд ч аюул учрах байх гэж бодож байна. Бас бид чинь өмнөх хоёр бамбаруушаа тавихдаа нулимс дуслуулаад л үлдэж байсан.

Хүн оюун ухаанаар л илүү болохоос биш адилхан л байгалийн амьтан шүү дээ. Хэрвээ самар жимсийг нь түүгээгүй байсан бол өнөөдөр энэ амьтан өнчрөхгүй байсан.

-Бамбаруушийг тэжээж байгаад буцаагаад зэрлэг байгальд нь тавихад дасан зохицох чадвар, идэш тэжээлээ олж идэх чадвар суусан байх болов уу. Тэр талаар та бүхнээс мөн анхаардаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Эхлээд бид сүү өгч байгаад байгальд нь тавихаас өмнө мах их өгдөг. Тэгж байж зэрлэг зан авир нь гарч ирдэг. Уг нь сүрэг баавгай ч юм уу ямар нэгэн зэрлэг амьтнаас өөрийгөө хамгаалах хүч тамир оруулчихвол сайн байна.

-Бамбаруушаа хэдэн сарын дараа зэрлэг байгальд тавихаар төлөвлөж байна?

-Намар тавихаар бодож байгаа. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Өмнөх хоёр бамбаруушийг намар тавья гэж төлөвлөж байсан ч боломжгүй байсан. Тэгэхээр энэ бамбаруушны хоол тэжээлийг сайн өгч байгаад хурдхан тэнхрүүлээд байгальд нь тавьчих юм сан гэж бодож байгаа. Хэрвээ тэгвэл хүнд дасах нь ч арай бага байна шүү дээ.

-Урт хугацаанд тэжээвэл бамбарууштаа өгөх идэш тэжээлийн асуудал үүсэхээр байна уу. Мөн одоо өгч байгаа идэш хоолыг нь яаж зохицуулж байгаа бол?

-Манай байгууллагын зардалд ийм үйл ажиллагаанд зориулах тусгайлсан мөнгө, төгрөг байдаггүй учраас нэг айлтай гээр байгуулаад сүүгээ авч байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хоол тэжээлд нь зориулаад санхжүүжилт өгнө гэж хэлсэн. Мөн ахиад хоол тэжээл авахын тулд сум орон нутгийнхаа дэлгүүрүүдэд хоол тэжээлд нь туслах уриалгыг гаргадаг. Самрыг гадагш экспортолдог болсноос хойш хоол тэжээлийн дутагдлаас болж зэрлэг амьтан суурьшлын бүс рүү бууж ирэх тохиолдод ихэссэн гэж боддог. Хүмүүс зэрэгцэн оршиж байгаа амьтдаа хамгаалж, төрсөн үр шигээ хайрлах юм бол үр хойчид маань ч их сайн нөлөөтэй гэж бодож байгаа.