Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Говийн бүсийн сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байгаа оюутан цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтаар оюутан залуусын бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-ны өдөр 10 км-ийн явган марш үйлдэж, анхны буудлагын дасгалаа боловсрууллаа.
10 километрийн явган маршийг үйлдэх явцад ерөнхий тактик-2, галын бэлтгэл, сэтгэл зүй, инженер, хүн эмнэлгийн бэлтгэл зэрэг хичээлүүдийг хослуулан жижиг бүлгээр байлдааны үүрэг биелүүлэх арга ажиллагаанд бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулахын зэрэгцээ явган маршийн хичээлийн цэгт автоматын буудлагын анхны дасгал (БАД-1)-ыг боловсруулж, орон тооны зэвсэглэлээр буудах арга барилд оюутан цэргийн алба хаагчдыг сурган дадлагажууллаа.
Явган маршийн төгсгөлд тус ангийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч, дэд хурандаа Е.Бейбит шат тус бүрийн боловсруулах асуудалд бие бүрэлдэхүүний хандаж буй хандлага, хичээл, сургалтад оролцож буй байдал, маршийн үйл явц, бие бүрэлдэхүүний оролцоо, ололттой, дутагдалтай талуудыг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.
Мөн тэрээр автоматын буудлагын анхны дасгалаар бусдыгаа манлайлан “Онц” дүнтэй буудсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Төмөрбаатар овогтой байлдагч Мэндсайхан, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Наранхүү овогтой байлдагч Рагчаа, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат Батпүрэв овогтой байлдагч Доржсамба, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат Наранбат овогтой байлдагч Төрболд нарыг баяр хүргэн сайшааж, цаашдын цэргийн алба, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт гаргахыг хүслээ.