Дорнод аймгийн Чойбалсан суманд 50 толгой тарвага нэмж нутагшуулжээ

Дорнод аймгийн Чойбалсан суманд 50 толгой тарвага нэмж нутагшуулжээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын хэмжээнд тарвага бүрэн устаж байсныг сумын иргэдийн санаачилгаар сэргээн 50 тарвага нэмж нутагшуулжээ.

Тодруулбал, “Чойбалсан суманд тарвага сэргээн нутагшуулах төсөл”-ийг С.Наранболд санаачлан 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Өнгөрсөн жилийн нутагшуулсан зургаан бүл 50 тарвага газар орондоо дасан зохицож 60 гаруй болж өсжээ.

Монгол оронд Алтайн болон Монгол хэмээх хоёр зүйлийн тарвага байдаг бөгөөд тарвага нь нүх ухаж, орчны хөрс ургамалд нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, Монгол тарвагын нөлөөгөөр тухайн газрын хөрс сийрэгжин, байраа сольж, чийг, агаарын солилцоо эрчимжиж, эрдэс, шим бодисоор баяжин, дошин дээрх ургамлын зүйлийн бүрдэл өөрчлөгддөг болохыг судлаачид тогтоосон байдаг. Тарвага нь идэвхтэй хөдөлгөөний үедээ ч мал, зэрлэг амьтны бэлчээрийн өвс ургамлыг булаах, хороох ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй, тал хээрийн экосистемд эерэг нөлөө ихтэй амьтан юм.

Нутгийн иргэдийн санаачилгаар эхэлсэн тал хээрийн экосистемийг сэргээх, хадгалан авч үлдэх энэхүү сайн туршлагыг Чойбалсан сумын удирдлагаас дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ. Ирэх жилүүдэд иргэдийн хандиваар бус төсвийн байгууллагын хийх ажилд тусгаж, хэрэгжүүлэхээр болсон байна.