Ахмадууд: Маргааш гэхэд тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг 50:50 болгосон шийдвэрээ буцаахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ

Ахмадууд: Маргааш гэхэд тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг 50:50 болгосон шийдвэрээ буцаахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл зургаадугаар сарын 12-нд хуралдаж, тэтгэврийн зээлийг цалингийн зээлтэй адилтган хэрэглээний зээлийн ангилалд оруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаа 50:50 болж өөрчлөгдсөн юм. Энэхүү шийдвэрийг ахмадууд эсэргүүцэж, суулт зарлаад байгаа. Тэгвэл ахмадууд өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Тэд маргааш /2025.07.04/ гэхэд тодорхой хэмжээнд асуудлыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.

Ахмадын төлөөлөл “Ахмадын төлөөлөл төрийн ордны баруун хаалганд суулт зарлаад хэд хоног өнгөрлөө. УИХ-ын гишүүд бидэнтэй гарч уулздаг ч шийдэл хэлэхгүй байна. Тэтгэврийн зээлийг бид жилийн 19 хувийн хүүтэй авдаг. Бид үнэгүй авна гэсэнгүй. Гол хүсэж байгаа зүйл бол 50:50 хувийн шийдвэрийг буцаахыг хүсэж байна. Удахгүй наадмын амралт эхэллээ. Улмаар бидний асуудал шийдэгдэхгүй байсаар мартагдах гээд байгаа юм. Хөдөө орон нутгаас ч ахмадууд ирэхэд бэлэн байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн долоо долоо хоногоор ухраасаар хугацаа их алдлаа. Асуудлыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэв.