УДБЭТ-ын үе үеийн уран бүтээлчид захирал МУГЖ Д.Алтанхуяг болон удирдлагын багийг яаралтай огцруулах шаардлага тавьж, хэвлэлийн хурал хийлээ.
УДБЭТ-ын дуучин Г.Тулга “Үг хэлсэн бүрийг хавчин боогдог, халж, сольдог байдал манай байгууллагын удирдлагаас байнга ирж байна. Үүсээд байгаа асуудлыг бид дотооддоо шийдвэрлэх гэж хичээсэн. Багагүй хугацаа өнгөрлөө. Хамгийн сүүлийн арга хэмжээ бол хэвлэлийн хурал болоод байна. УДБЭТ нэг хүний театр, хувийн театр болоод байна. Хэн дуулах, хэн бүжиглэхийг нэг л хүн шийддэг болсон. Уран сайхны бодлого бол уран сайхны зөвлөл дээр тогтдог. Гэтэл энэ бодлого алдагдсан. Мөн УДБЭТ түрээсийн театр болчихсон. Уран бүтээлийн төлөвлөлт гэнэт өөрчлөгдөж, гаднын тоглолт орж ирдэг. Саяхан гэхэд томоохон хэмжээний жүжиг тавих гэж байхад МУИС-ийн төгсөлтийн баяр гэнэт орж ирсэн. Уран бүтээлчдийн орон тооноос авч, удирдлагын бүрэлдэхүүнтэй болсон. Тэр удирдлагын бүрэлдэхүүнд нь МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж чадаагүй хүмүүс бий. Энэ бүх зүйлээс болж УДБЭТ-ын үйл ажиллагаа алдагдаж байна” гэв.
УДБЭТ-ын найрал дуучин н.Тамир “Би УДБЭТ-т үйлдвэрчний хороон даргыг 12 жил хашсан. УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг нь анх түр орлон гүйцэтгэгчээр ирсэн. Анх ирэхдээ л Монгол улсын бүх хууль, тогтоомжийг зөрчиж ирсэн. Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэрийг үл хүндэтгэж, Ч.Номин сайд УДБЭТ-ын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Төрийн албаны зөвлөл энэ хүн болохгүй гэж хэлсэн байдаг. Д.Алтанхуяг УДБЭТ-ын захирал болоод өөрийн хамаарал бүхий хүмүүсийг томилж эхэлсэн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ байгуулдаг. Байгууллагын төсөв мөнгөөр өөрийн хамаарал бүхий хүмүүсээс худалдан авалт хийдэг” гэлээ.