Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” нисэх буудлын хөөрч буух зурвас эвдрэл гэмтэлгүй байгаа гэж ЗТЯ-наас мэдэгджээ

Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” нисэх буудлын хөөрч буух зурвас эвдрэл гэмтэлгүй байгаа гэж ЗТЯ-наас мэдэгджээ

Өмнөговь аймагт аялах 5000 жуулчин нисэх буудлын хөөрч буух зурвасаас болж, гэрээгээ цуцалсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Зам, тээврийн яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Олон нийтэд эх сурвалжгүй худал мэдээлэл түгээх нь ард иргэдэд буруу ойлголт төрүүлэхээс гадна Зөрчлийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, ИКАО-н баталсан pans-aim зохицуулагдана гэдгийг анхаарна уу. Өнөөдрийн байдлаар ИНҮТ ТӨХХК-ийн Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” Нисэх буудлын хөөрч буух зурвас эвдрэл гэмтэлгүй хэвийн байгаа бөгөөд “МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Даланзадгад, Даланзадгад-Улаанбаатар чиглэлд CRJ-700 маркын агаарын хөлөг, “Геосан” ХХК, “Тэнгэрийн улаач” ХХК, зэрэг агаарын тээвэрлэгч нарын С208 агаарын хөлгөөр захиалгат болон төлөвлөгөөт нислэгүүд үйлдэж байна. Нислэгийн цаг төлөвлөлт оны эхэнд урьдчилсан байдлаар төлөвлөгдөн батлагдаж тус нисэх буудлын зурвас засварын ажлыг энэ онд хийхээр төлөвлөсөнтэй холбоотой “МИАТ” ТӨХК-ийн нислэгийн цагийг нэмэлт байдлаар шөнийн цагаар төлөвлөсөн тухай тайлбар өгсөн. Иймд агаарын тээвэрлэгчийн нислэг төлөвлөлттэй холбоотой асуудлыг тухайн байгууллагатай холбогдож хариу тайлбар авахыг хүсье" гэжээ.