Д.Дагвадорж: Япон улсын Цог Жавхлант Эзэн хааны айлчлалд угтах хэсэгт зогссондоо нэн таатай байна

Д.Дагвадорж: Япон улсын Цог Жавхлант Эзэн хааны айлчлалд угтах хэсэгт зогссондоо нэн таатай байна

Өнөөдөр /2025.07.08/ Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт албан ёсоор угтан авсан. Японы эзэн хааныг угтах ёслолд Сүмо бөхийн их аваргууд оролцсон байдаг. Тодруулбал, Хакүхо М.Даваажаргал, Асашёорюү Д.Дагвадорж, Харумафүжи Д.Бямбадорж нар ёслолд оролцов.

Тэгвэл Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсандаа төрийн айлчлалтай холбоотой сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр “Япон улсын Цог Жавхлант Эзэн хааны айлчлалд угтах хэсэгт зогссондоо нэн таатай байна. 2007 оны зун Хунтайж байхдаа Монгол нутагт анх удаа айлчилж байсан халуун дурсамжаа хэсэг зуур хөөрөлдөв. Аавын хөдөө гэрт зочилсноо дурсан санагалзах агшинд ааваа би маш их хүндэтгэх бодолд умбав. Миний аав 80 насны босго давжээ. Цаг хугацаа гэж. Цог жавхлант эзэн Хаан та хатны хамт Монгол нутагт минь тухлан саатаарай. Таны мэлмий тунгалаг байг. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.