Х.Нямбаатарын замд зарцуулсан "бондын өр"-ийг Хотын иргэд автомашины татвар, зам ашигласан төлбөрөө тав дахин нэмүүлж, төлж байгаа

Х.Нямбаатарын замд зарцуулсан "бондын өр"-ийг Хотын иргэд автомашины татвар, зам ашигласан төлбөрөө тав дахин нэмүүлж, төлж байгаа

Хотын дарга асан Х.Нямбаатар ажлаа өгөөд хэдхэн хонож байгаа ч түүний тавьсан том тоотой өр нийслэлийн иргэдийн хэтэвчийг нимгэлсэн хэвээр байна. Түүнийг засаглах жилүүдэд  нийслэлийн төсөв түүхэндээ байгаагүй хэмжээнд тэлж, нийслэл бонд гаргах эрхтэй, санхүүгийн хувьд бие даасан бүтэц болж хувирсан. Үүнийгээ дагаад нийслэлчүүдийн халааснаас гарах татвар, хураамж, торгуулийн дүн ч мөн нэмэгдсэн юм.  

- "УЛААНБААТАР БОНД" -ООС БОСГОСОН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 150 ТЭРБУМЫГ НЬ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛД ОРУУЛСАН- 

Нийслэл хот 2024 оны зургаадугаар сард монголын анхны орон нутгийн бонд болох “Улаанбаатар бонд"-ыг арилжаанд гаргаж тухайн үедээ багагүй шуугиан тарьж байв. Улмаар “Улаанбаатар бонд”-оос босгосон 500 тэрбум төгрөгийн 300 тэрбумыг нь  "Бөөрөлжүүтийн цахилгаан станц"-д, 150 тэрбумыг нь авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажилд оруулсан бол үлдсэн 50 тэрбумыг, бохир усны Туул-1 коллектор болон үерийн байгууламж ариутгах ажилд төсөвлөсөн байдаг. 

Сонирхуулахад, тус бонд арилжаанд гарснаас хойш ганцхан цагийн дотор зарагдаад дууссан бөгөөд дийлэнх хэсгийг дотоодын томоохон банкууд хуваагаад авчээ. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк зэрэг системийн банкууд өндөр хүүтэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж үзэн гол багцыг авсан байна. Харин андеррайтер болон синдикатороор Ти Ди Би Секьюритис, БиДиСЕК, Таван богд капитал, Голомт капитал зэрэг ҮЦК-иуд ажилласан байдаг. Бондыг таван жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй юм.  энэ хугацаанд нийслэлийн төсвийн орлогоос үндсэн төлбөр, хүүг барагдуулах зохицуулалт хийгдсэн байх магадлалтай юм. 

- НЭГ КМ ЗАМЫН ЧУЛУУН БРОДЮРЫН МАТЕРИАЛЫН ӨРТӨГ 160-170 САЯ ТӨГРӨГ- 

Бонд босгосон тухайн жилдээ нийслэлийн авто замын шинэчлэлийн ажил урьд өмнөхөөс эрс тэлсэн байна. Улаанбаатар хот жилд дунджаар 15-16 км авто зам шинэчилдэг байсан бол 2024 онд 62 байршилд 137.1 км авто замыг бүрэн шинэчилсэн талаар хотын удирдлагууд мэдээлж байв. Энэ ажлын хүрээнд хамгийн их шүүмжлэл дагуулсан зүйл нь бетонон бродюрыг боржин чулуун хашлагаар сольсон явдал байлаа. Албан мэдээллээр 1 км авто замд нэг метр урттай 2000 ширхэг чулуун бродюр ордог аж. Тухайн үед худалдааны сайтуудад дотоодын үйлдвэрийн бетон бродюр нэг бүр нь 3300-15 мянган төгрөгийн үнэтэй байсан бол импортоор оруулж ирсэн чулуун бродюрийн үнэ үүнээс хэд дахин өндөр байв. Тодруулбал, нэг ширхэг чулуун бродюрийг 178 юань буюу ойролцоогоор 37 мянган төгрөгөөр худалдан авч, үүн дээр татвар, тээврийн зардал нэмэгдсэнээр Улаанбаатарт ирэх өртөг нь 80-87 мянган төгрөг болсон талаар тухайн үед мэдээлж байлаа. Энэ тооцоогоор зөвхөн 1 км замын чулуун бродюрийн материалын өртөг 160-170 сая төгрөгт хүрэхээр байсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан юм. 

- НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР АВТОМАШИНЫ ТАТВАР, ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРҮҮД ОГЦОМ ӨСӨВ -

Үүний дараа нийслэлийн төсөв ч эрчимтэй өсөв. Тодруулбал, 2025 оны нийслэлийн төсвийн орлогыг анх 3.8 их наяд төгрөгөөр баталсан ч оны явцад тодотгол хийж, өмнөх оны үлдэгдлийг төвлөрүүлснээр нийт санхүүжилтийн хэмжээ 5.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин 2026 оны төсвийг 4.6 их наяд төгрөгийн орлоготой байхаар тооцжээ. 

Гэвч энэ өсөлтийн гол эх үүсвэр нь татвар, төлбөрийн нэмэгдэл байв. Тодруулбал, 2025 оноос Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг өмнөх тарифтай харьцуулахад огцом нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, 2001 хүртэлх см3 хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашины татвар нэг см3 тутамд 24 төгрөг байсныг 72 төгрөг болгож, 2001-3001 см3 хөдөлгүүртэй автомашины татвар 27 төгрөгөөс 81 төгрөг болж гурав дахин нэмэгдсэн байна. Мөн 1 тонн хүртэлх даацтай ачааны машины жилийн татвар 30 мянган төгрөг байсныг 75 мянган төгрөг болгон 2.5 дахин өсгөжээ. 10-20 тонн даацтай автомашины татвар 150 мянган төгрөгөөс 300 мянган төгрөг болж хоёр дахин нэмэгдсэн бол 80-90 тонн даацтай автомашины татвар 600 мянган төгрөгөөс 1.2 сая төгрөгт хүрсэн байна.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээ

Үүгээр зогсохгүй авто зам ашигласны төлбөр ч хэд дахин өссөн байна. Тухайлбал, 2000 см3 хүртэл хөдөлгүүртэй автомашины зам ашигласны төлбөр 20 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөг болгож тав дахин нэмэгдүүлжээ. Такси үйлчилгээний автомашины төлбөр 30 мянган төгрөгөөс 150 мянган төгрөг болсон бол 24 тонноос дээш даацтай ачааны автомашины төлбөр 100 мянган төгрөгөөс 500 мянган төгрөг болж өссөн байна.

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ

Ингэснээр нийслэл анх удаа бонд босгож, томоохон дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлсэн ч эргэн төлөлтийн дарамт нь татвар, төлбөрийн өсөлтөөр дамжин иргэд дээр бууж эхэлсэн дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нийслэлчүүд авто машины татвар, зам ашигласны төлбөрөө нэмэгдүүлэн төлж буй нь өчигдөр бондоор босгосон мөнгөний эргэн төлөлтийн нэг хэлбэр болсон дүр зураг ажиглагдаж байна. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө