Өдрийн 12:00 цаг. Нийслэлчүүдийн ярьж заншсанаар 100 айлын уулзварын явган хүний гарц дээр хүмүүс ээлжээ хүлээн зогсоно. Сурагчид, хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд, ахмад настан гээд өдөр тутмын амьдралын урсгал энд огт тасардаггүй. Гэрлэн дохио асаж, хүмүүс зам хөндлөн гарч эхлэхэд эхний эгнээнд явсан автомашин зогсов. Харин дараагийн эгнээнд явсан жолооч хурдаа үл ялиг сааруулснаа үргэлжлүүлэн хөдөлж, гарц руу орж ирэв. Зам гарч байсан эмэгтэй хүүхдээ татан зогсоож, автомашиныг өнгөрүүлсний дараа дахин алхаж эхэллээ. Энэ бол нийслэлийн олон явган хүний гарц дээр харагддаг нийтлэг дүр зураг юм.
ВИДЕО:
-ИРГЭД ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХДАА АЮУЛГҮЙ, ТАЙВАН МЭДРЭМЖИЙГ АВАХ ЭРХТЭЙ-
Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигч гарцаар гарах үүрэгтэй гэж заасан байдаг. Харин жолооч гарцаар гарч байгаа болон гарахаар зэхэж буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Гэвч бодит байдал дээр энэ заалт бүрэн дүүрэн хэрэгждэггүйг иргэд хэлдэг.
Жишээлбэл, “Би хоёр хүүхдээ өдөр бүр сургуульд нь хүргэдэг. Ногоон гэрэл ассан байсан ч автомашин бүрэн зогсохыг хүлээж байж гардаг. Хүүхдээ түрүүлж явуулах зориг байдаггүй. Гарцан дээр хүн байхад хүртэл дайрч өнгөрөх шахдаг жолооч олон бий” гэж байлаа.
Харин өөр нэгэн иргэн “Миний хувьд зам хөндлөн гарахдаа үргэлж айдастай байдаг. Хуулиараа бол явган зорчигч давуу эрхтэй шүү дээ. Гэхдээ бодит байдал дээр зам гарахдаа машинаас зөвшөөрөл авч байгаа юм шиг санагддаг. Үүнээс болоод элдэв осол гэмтэл их гараад байгаа байх. Ер нь бол иргэд зам хөндлөн гарахдаа аюулгүй, тайван мэдрэмжийг авах эрхтэй шүү дээ” хэмээн ярьж байлаа.
Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр 2026 он гарснаас хойш зам тээврийн ослын улмаас 66 хүн амь насаа алдсаны 36 нь явган зорчигч байжээ. Энэ нь нийт амь хохирогчдын 54.5 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослоор нас барсан хоёр хүн тутмын нэгээс илүү нь автомашин жолоодож яваагүй, зөвхөн зам дээр явж байсан иргэн гэсэн үг. Харин 516 явган зорчигч зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн байна.
Бид энэхүү сурвалжилгыг бэлгэх явцдаа энэ төрлийн зөрчил үйлдсэн жолоочтой таарч улмаар цагдаа уг жолоочийг зогсоон шаардлага тавихад “Надад нэг баримжаа байсан, мөргөхгүй” гэж өөрийнхөө үйлдлийг хаацаалж байлаа.
Тээврийн цагдаагийн албаны Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, Ахлах дэслэгч Б.Гантулга энэ талаар тайлбарлахдаа “Жолооч нарын нийтлэг гаргадаг зөрчлийн нэг нь гарц орчимд хурдаа бууруулахгүй байх, мөн явган зорчигчийг харсан мөртлөө бүрэн зогсохгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэх явдал байдаг. Замын хөдөлгөөний дүрэмд жолооч гарцаар гарч байгаа болон гарахаар зэхэж байгаа явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Зам тээврийн ослын дийлэнх нь хэдхэн секундын буруу шийдвэрээс үүсээд байгаа юм. “Амжина, мөргөхгүй, харчихсан байгаа, баримжаа байсан гэх хандлага эрсдэл үүсгэдэг гэдгийг жолооч нар бүрэн дүүрэн ухамсарлахгүй байна. Замын хөдөлгөөнд субъектив баримжаа биш дүрэм үйлчилдэг” гэдгийг тэрбээр онцолсон юм.
Тэгвэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар осол гаргадаг жолооч бүр өөрийгөө осол гаргахгүй гэж боддог байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д явган зорчигч гарц, гармаар зам хөндлөн гарна гэж заасан байдаг. Мөн 5.8-д үзэгдэлт хязгаарласан нөхцөлд тээврийн хэрэгсэл ойртож байгаа эсэхийг магадлах үүргийг явган зорчигчид хүлээлгэсэн байдаг. Гэхдээ дүрмийн эдгээр заалт нь жолоочийн зам тавьж өгөх үүргийг үгүйсгэдэггүй.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т зааснаар гарцаар гарч байгаа явган зорчигчид жолооч зам тавьж өгөх үүрэгтэй. 16.2-т зааснаар Зөвшөөрөгдсөн гэрлээр гарч байгаа жолооч байсан ч гэсэн явган хүний гарцаар хөдөлгөөнөө дуусгаагүй зорчигч явж байгаа тохиолдолд заавал зам тавьж өгөх ёстой гэсэн заалт бий.

-ЯВГАН ЗОРЧИГЧ ГАРЦААР ГАРАХ, ЖОЛООЧ ЗАМ ТАВЬЖ ӨГӨХ ГЭСЭН ХОЁР ТАЛЫН ҮҮРЭГ БИЙ-
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын олон улсын байгууллагууд явган зорчигчийг хамгийн эмзэг бүлэг гэж үздэг. Судалгаагаар автомашины хурд нэмэгдэх тусам явган зорчигчийн амьд үлдэх боломж эрс буурдаг байна. 30 км/цаг-аас дээш хурданд мөргөлтийн хор уршиг эрс нэмэгддэг болохыг олон улсын судалгаанууд харуулжээ.
Олон улс гарц орчим, сургууль цэцэрлэгийн бүсэд хурдыг 30 км/цаг хүртэл бууруулах бодлого хэрэгжүүлдэг.
Жишээлбэл, Швед улс 1997 онд “Vision Zero” буюу “Тэг үхэл” бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү бодлогын үндсэн зарчим нь хүний алдаа гарч болох ч тэр алдаа хүний амь насаар хэмжигдэх ёсгүй гэсэн үзэл баримтлал юм. Норвеги, Нидерланд зэрэг улсад гарц орчмын хурдны хязгаарлалт, өндөр хяналт, явган зорчигч төвтэй төлөвлөлт нь ослыг бууруулахад чиглэдэг. Харин Японд гарцан дээр жолооч нарын зам тавьж өгөх үзүүлэлтийг жил бүр хэмждэг байна. 2023 онд хийсэн үндэсний хэмжээний судалгаагаар гэрлэн дохиогүй гарцан дээр зам гарахаар зэхэж байсан явган зорчигчид автомашины 45.1 хувь нь бүрэн зогсож зам тавьж өгсөн байна. Энэ нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт боловч Японы мэргэжилтнүүд өөрсдөө хангалтгүй гэж үзжээ. Сонирхолтой нь Япон шиг хөдөлгөөний соёл өндөр гэж үнэлэгддэг улсад хүртэл гарцан дээр зам тавьж өгөх асуудал үндэсний хэмжээнд судлагдаж, жил бүр хэмжигдэж байна.
Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт гарц орчимд хурдаа бууруулах, явган зорчигчид зам тавьж өгөх, хүүхэд болон ахмад настай иргэдийг зам гарч дуусах хүртэл хөдөлгөөнөө эхлүүлэхгүй байхыг тогтмол анхааруулдаг.
Ахлах дэслэгч Б.Гантулга “Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр дүрмээ мөрдөх ёстой. Явган зорчигч гарцаар гарах, жолооч зам тавьж өгөх гэсэн хоёр талын үүрэг бий. Гэхдээ автомашин жолоодож байгаа хүн илүү өндөр эрсдэл дагуулдаг учраас хариуцлага ч мөн өндөр байх ёстой. Тиймээс жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, явган зорчигчийн эрхийг хүндэтгэж, жолоочийн үүргээ ухамсарлах ёстой. Харин нөгөө талаас явган зорчигчид зам хөндлөн гарахдаа анхаарал болгоомжтой байх шаардлагатай ” хэмээн уриалсан юм.
