Найруулагч Б.Баатарыг хуулийн байгууллага хэд хэдэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд түүнийг "хүмүүсийг үзэл бодлоор нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан" гэх хэргээр яллагдагчаар татаж, цагдан хорьж байгаад өчигдөр /2026.10.15/ орой суллаж, Монгол улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд яллагдагчийн өмгөөлөгч нараас яллагдагч Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу тус шүүх тус хүсэлтийг хэлэлцээд Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 10 сарын 14-ны өдрөөс эхлэн өөрчилж, мөн өдрөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм.
Тэгвэл найруулагч Б.Баатарт холбогдох хэргийг цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Баатарыг мөнгө угаах, залилах, хүмүүсийг үзэл бодлоор нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулах зэрэг хэд хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Тэгвэл Б.Баатарын дүү Л.Оюун-Эрдэнийг ч мөн түүний хэрэгт холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Харин тэрбээр Б.Баатарыг анх цагдан хоригдсон орой Монгол Улсын хилээр гарч яваад өнөөг хүртэл Монголдоо ирээгүй байгаа аж. УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд түүнийг "Гадаад томилолттой" гэж бүртгэх болсон ч чухам ямар томилолтоор хаашаа явсан талаарх мэдээлэл одоогоор ил болоогүй байна.