"Алтны захиалга авч" иргэдээс 3.7 тэрбумыг залилсан этгээдүүд хууль бус мөнгөөр авсан үл хөдлөх хөрөнгүүдийнхээ нэрийг өөрчилж, бусдад шилжүүлж эхэлжээ

"Алтны захиалга авч" иргэдээс 3.7 тэрбумыг залилсан этгээдүүд хууль бус мөнгөөр авсан үл хөдлөх хөрөнгүүдийнхээ нэрийг өөрчилж, бусдад шилжүүлж эхэлжээ

"БНСУ-аас зах зээлийн үнээс хэт хямд үнээр алт, алтан эдлэл авчирч өгнө" гэх зарын дагуу захиалга өгсөн 30 орчим иргэнийг залилж, урьдчилсан байдлаар 3.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж. 

Тодруулбал, Б.Ичинхорлоо, Н.Мөнхбаатар гэх нэр бүхий хүмүүс нь энэ оны дөрөвдүгээр сар /2026.04/-аас эхлэн фейсбүүк дэх “Сак сайхнууд”, “Алтаар урс” зэрэг цахим хаягаар дамжуулан "БНСУ-аас зах зээлийн үнээс хэт хямд үнээр алт, алтан эдлэл захиалгаар авчирч өгнө" гэх нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө авч, олон удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогдсон байна. Улмаар энэ талаарх мэдээлэл энэ сарын 04-ний /2026.10.04/ өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, өдгөө дээрх нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Тэгвэл иргэдээс 3.7 тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй Б.Ичирхорлоо, Н.Мөнхбаатар гэгч хүмүүс нь нэг гэр бүлийн хоёр байсан бөгөөд тэд иргэдээс залилсан мөнгөөрөө олон тооны үл хөдлөх хөрөнгө, амралтын газар худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн нэр бүхий хүмүүс залилах гэмт хэрэг нь илчлэгдэхтэй зэрэгцэн хууль бус мөнгөөрөө худалдан авсан байж болзошгүй үл хөдлөх хөрөнгө, амралтын газрынхаа нэрийг өөрчилж, бусдад шилжүүлж эхэлсэн" гэх мэдээлэл байна.

Энэ нь магадгүй хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахгүй, хохирол төлөхөөс зайлсхийж байж болзошгүй үйлдэл гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм.  

Түүнчлэн Б.Ичинхорлоо, Н.Мөнхбаатар нар нь алт, мөнгөний худалдаа эрхэлдэг байсан гэх бөгөөд эхний ээлжийн захиалгуудаа цаг тухай бүрд нь хүргэн өгч, олны танил хүмүүсийг сурталчилгаандаа ашиглаж байсан нь олон хүний итгэлийг хүлээж, захиалга өгөх шалтгаан болдог байжээ. Тиймээс ч хууль бус үйл ажиллагаанд оролцож, сурталчилгаа хийж, иргэдийг хуурч мэхэлсэн олны танил гэх хүмүүсийг ч эл хэрэгт холбогдуулан шалгаж, хохирлыг төрүүлэх ёстой гэдгийг хэлэх хүн олон байна.

Мөн тухайн нэр бүхий хүмүүс нь "Ачаа хил дээр саатсан тул хүлээцтэй хандаж, дахин өөр хүмүүст хямд үнээр алт авах боломжтой" гэх зарыг түгээж, асуудлаас хурдан гарах шаардлагатай байна гэхчлэнгээр хуурч мэхэлдэг байсан гэх мэдээлэл ч байгаа юм. Ямартай ч иргэдээс 3.7 тэрбум төгрөг залилсан дээрх нэр бүхий хүмүүсийг өдгөө цагдан хорьж мөрдөн шалгаж байгаа аж. Иймд бид залилах гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэлж байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө