Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд баавгай айлын гэрт дайран орж, 40 настай эрэгтэйн аминд хүрч, 55 настай эмэгтэйг хүнд гэмтээснээс хойш дөрөв хоног өнгөрлөө. Гэтэл салбарын сайд Ц.Сандаг-Очир олон нийтийн өмнө гарч, эмгэнэл илэрхийлэн, хариуцсан салбарынхаа ажлыг тайлагнасангүй. Өнгөрсөн пүрэв, баасан гарагийн чуулганд ч оролцолгүй, ирцэд тасалснаар бүртгэгджээ.
Харин эх сурвалжуудын мэдээлснээр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Бүгд Найрамдах Сингапур Улсад байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй уулзахаар явсан байж болзошгүй аж. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг яллагдагчаар татагдсаны дараа есдүгээр сарын сүүлээр БНСУ-аар дамжин Сингапур руу ниссэн гэх мэдээлэл ч бий. Хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт явдлын дараах өдрүүдэд салбарын сайд нь гадаадад, улс төрийн уулзалт хийж яваа гэх мэдээлэл ийнхүү анхаарал татаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь заалтад иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэйг баталгаажуулсан. Энэ эрхийг хангах нь төрийн үүрэг. Гэтэл баавгай суурьшлын бүсэд орж ирж эхэлсэн өнгөрсөн наймдугаар сараас хойш дорвитой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадсангүй. Хүний амь эрсэдсэний дараа л унтуулагч бууны тендер зарлаж эхэлж байгаа нь хариуцсан салбарын ажлын бодит дүр зураг юм.
Ц.Сандаг-Очир бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын улс төрийн хүрээлэлд багтдаг МАН-ын цөөнхийн төлөөлөл. Тиймээс түүнийг хүний амь нас, салбарын хариуцлагаас илүү улс төрийн тохироо, дараагийн нүүдэлдээ анхаарч байна гэж харж ч болох юм.