Сошиал орчинд бильярдын итгэмээргүй, гоёмсог цохилтууд буюу “Trick shot”-ын бичлэгүүдээрээ олон мянган хүнийг байлдан дагуулж буй нэгэн монгол тамирчин бий. Түүнийг Очирбатын Сэргэлэнбаатар гэдэг. Олон улсын хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж, спортын соёлыг түгээж яваа түүнтэй контент бүтээлтийн нууц, Европын бильярдын хөгжил болон энэ спортын ирээдүйн талаар ярилцлаа.
ВИДЕО:
-МИНИЙ ХИЙДЭГ ЛОНХТОЙ ҮЗҮҮЛБЭРТ ЯМАР Ч МОНТАЖ БАЙХГҮЙ-
-Сошиал орчинд таны богино хэмжээний бичлэгүүд (Reels) маш олон хүнд хүрч, хандалт авдаг. Анх хэзээнээс энэ контентуудыг хийж эхэлсэн бэ?
-Яг рийл бичлэгүүд хийж, сошиалд идэвхтэй контент бүтээгээд хоёр дахь жилдээ явж байна. Харин бильярдын спортын хувьд анх 2004–2005 оны үед л цохиур барьж үзэж байлаа. Түүнээс хойш яг тамирчны замналаар, бэлтгэл сургуулилтаа тууштай хийгээд хичээллэж байгаа гэвэл сүүлийн 10-аад жил байна даа.
-Таны бичлэгийн сэтгэгдлийг уншиж байхад «Энэ бол монтаж, AI эсвэл графикаар янзалсан байна. Ийм цохилт орох боломжгүй» гэх эргэлзээнүүд мэр сэр харагддаг. Шуудхан асуухад, бичлэгүүд тань монтаж байдаг уу?
-Хүмүүс үүн дээр үнэхээр их эргэлздэг, аягүй их асуудаг л даа. Миний хийдэг лонхтой үзүүлбэр байдаг даа, яг лонх эргүүлээд хийдэг цохилт. Тэр үзүүлбэрт бол ямар ч монтаж байхгүй, монтажлах ямар ч арга байхгүй, шууд цохидог. Харин бусад аливаа нэгэн байрлалд байршуулж хийдэг үзүүлэн цохилтуудын хувьд мэдээж тодорхой хэмжээний тоогоор давтаж, бэлтгэж байж оруулсан цохилтууд байдаг. Түүнээс биш хүмүүсийн нийтлэг хэлээд байгаа шиг хиймэл оюун ухаан (AI) эсвэл ямар нэгэн аппликейшн ашиглаж бичлэгтээ өөрчлөлт оруулсан удаа огт байхгүй.
-Тэгвэл эдгээр контентуудыг хийж буй таны цаад зорилго юу вэ?
-Миний зорилго бол ерөөсөө хүнд гайхуулах эсвэл онгирох гэсэндээ биш. Дэлхий дээр над шиг байтугай надаас хавьгүй мундаг ур чадвартай, яг энэ трик-шотоороо дагнасан маш олон хүмүүс байдаг. Би тэд нартай шууд дүйцээд явдаггүй юм аа гэхэд, олон улсад “Монголд бас ийм хүн байдаг шүү” гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг гаргахыг хичээдэг. Цаад утгаараа бол өөрийнхөө дуртай хоббиг хөгжүүлээд явж байгаа минь хамгийн гоё. Бусдад “Ийм зүйл боломжтой байдаг юм шүү, оролдоод үзээрэй” гэсэн урам зориг, ойлголтыг өгөхийг хүсдэг.
-Таны бичлэгүүдэд гадаад болон монгол үзэгчид хэрхэн ханддаг вэ? Сэтгэгдлүүдээс нь анзаарагдаж буй ялгаа бий юу?
-Гадаадуудын хандлага гэх юм бол ихэвчлэн дандаа магтсан, урам өгсөн үгнүүд байдаг. Зуун хувийн 10-20 хувьд нь л янз бүрийн хүмүүс сөрөг сэтгэгдэл үлдээх, эсвэл AI байна гэж дүгнэх нь бий. Монголчуудын хувьд ч ялгаагүй. Чин үнэнчээр дэмжээд, үнэнээсээ аягүй гоё урам өгдөг хүмүүс байхад, юу юугүй орж ирээд дооглож, доромжлох хандлагатай хүмүүс ч бас байна. Уг нь өөрсдөө яг оролдоод үзэж, баримжаатай болоод хийгээд сурчихвал бильярд бол үнэхээр гоё спорт шүү дээ.
-Олон улсын тэмцээнд оролцож байх үеийн таны хувьд хамгийн мартагдашгүй, сэтгэлд үлдсэн дурсамж юу вэ?
-Нэг удаа Либерал Улсын тамирчинтай тоглоод долоо тэгээр хожсон юм. Тэгсэн чинь хүмүүс намайг “Чи Монгол Улсын мэргэжлийн тамирчин байна, үнэхээр сайн тоглодог юм байна” гээд бүр зориод ирж, зургаа татуулах гээд нээлттэй хандаж байсан. Гадны тамирчид тэр тал дээрээ маш нээлттэй, ичиж зовохгүй, элдэв муухай "эго" байдаггүй. Уг нь би тэр ширээн дээр тоглож сураад нэг их удаагүй, нэг жил ч хүрээгүй байсан үе л дээ. Миний хувьд анхны дэлхийн аварга байсан бөгөөд өөрийнхөө хувьд маш амжилттай оролцсон гэж боддог.

-МОНГОЛЧУУД БИЛЬЯРДЫГ СПОРТ БИШ ЗУГАА ЦЭНГЭЛ ГЭЖ ХАРААД БАЙДАГ-
-Францад амьдарч байгаа хүний хувьд Монгол болон Европын бильярдын орчны хооронд ямар ялгаа байна гэж харж байна?
-Европын бильярдын клубүүдийн тохижилт, дотоод журам нь маш чанартай, дэг журамтай, их цэгцтэй, замбараатай байдаг. Клубүүд нь бүгд холбооноос гаргасан дүрэм журам, графикийн дагуу тэмцээн уралдаанаа явуулдаг. Тамирчдын хувьд гэвэл, яг тамирчин замналаар явж байгаа хүмүүс нь өөр ажил хийдэггүй, ихэвчлэн зөвхөн бильярддаа бүх амьдралаа зориулдаг. Тийм учраас гаргаж байгаа амжилт, үр дүн нь илүү их мэдрэгддэг.
-Монголчуудын бильярдын талаарх ойлголт европчуудаас юугаараа өөр вэ? Энэ спортоор хоолоо олж идэх, амьдрах боломж бий юу?
-Миний бодлоор монголчуудын түгээмэл ойлголт гэвэл найз нөхдөөрөө хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх хөнгөн зүйл гэж харах гээд байдаг талтай. Спорт гэж харахаасаа илүүтэйгээр шүү дээ. Харин бильярдоор хоолоо олж идэх боломжийн хувьд яг одоогийн нөхцөлд үнэхээр байлгүй яах вэ. Намайг анх бильярд тоглож сураад тэмцээнд ордог байхад түрүүллээ гэхэд л 20–30 мянган төгрөг өгдөг байлаа. Харин одоо үед Монголд гэхэд л хамгийн доод тал нь шагналын сан нь гурван сая төгрөг болсон байна. Цаашлаад байр, машины шагналтай тэмцээнүүд зохиогдож байна. Гадаадын олон улсын тэмцээнүүд бол маш өндөр шагналын сантай. Европ, Америкийн жишгээр ярихад дундаж тэмцээн 70 мянгаас 100 мянган долларын шагналын сантай. Хятадын зах зээл дээр бол том том Гранд мастеруудын тэмцээнүүд хэдэн тэрбумаараа яригддаг болсон. Сая өнгөрсөн хавар Хятадад болсон дэлхийн аваргын хэмжээний тэмцээний шагналын сан гэхэд 5.5 тэрбум гаруй төгрөг байх жишээтэй. Тийм учраас одоо бильярдаар хичээллээд хоолоо олоод идэх бүрэн боломжтой болсон гэж итгэл дүүрэн хэлмээр байна.
-Дэлхий нийтээрээ монгол хүмүүсийг орон зайн мэдрэмж сайтай, авьяастай гэж үнэлдэг. Монголд ч өндөр ур чадвартай хүмүүс олон бий. Гэвч яагаад олон улсад гарч, амжилт гаргах боломж нь хомс байгаад байна вэ?
-Сүүлийн таван жилийн өмнөхийг харахад л тамирчдын хувьд гадагшаа явж тэмцээнд оролцох боломж үнэхээр боогдмал, визний асуудлаас авахуулаад маш их саад бэрхшээл байдаг байсан. Одоо бол өөр болсон л доо. Жишээ татахад, снукер бильярдын төрлөөр "Элит" клубийн тамирчин Б.Нарантуяа байна, тэрбээр Азийн аварга боллоо. Эрэгтэй төрөлд ОУХМ Э.Тэмүүжин гэж залуу байна, өсвөрийн Азийн хоёр удаагийн mөнгөн медальтай. Энэ мэтчилэн тоотой хэдхэн тамирчид энэ спортоор амьдрах бүх боломжоо нээчихсэн, бусдадаа үлгэр жишээ болоод явж байна.
-Монголд бильярдын спорт олон улсын түвшинд хөгжихөд хамгийн гол дутагдаж байгаа зүйл нь юу вэ?
-Миний харж байгаагаар хамгийн их дутагдаж байгаа зүйл бол Академик сургалт. “Номын дууг нь сонсож ногоотой шөлийг нь иднэ” гэдэг шиг, яг ном журмаар нь сурах хэрэгтэй. 2000 оны эхэн үед суралцсан надтай адилхан багшгүйгээр, зөвхөн практик дээр сурсан хүмүүс эргээд залуу үедээ зааж сургалаа ч гэсэн эцсийн үр дүн нь 70–80 хувиас хэтрэхгүй гэж би боддог. Тийм учраас мэргэжлийн тамирчид нь өөрсдөө гадаадад сургагч багшаар сурч, бүх дүрэм журмыг нь онолын хувьд үзэж судлаад, эргэж ирээд залуу тамирчдадаа системтэйгээр зааж дасгалжуулах ёстой гэж боддог.

-МАНАРСАН ТАМХИНЫ УТАА, ХАШХИЧИЖ, ХУУХИЖ БАЙСАН ТЭР ОРЧНЫГ БИД НАРЫН ААВ, ЭЭЖИЙН ҮЕИЙНХЭН ХАРААД СПОРТ ГЭЖ ХҮЛЭЭЖ АВАХАД ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙСАН-
-“Наадах чинь гудамжны спорт, цаг нөхцөөсөн хүмүүсийн тоглоом” гэх хуучинсаг ойлголт нийгэмд байсаар байна. Энэ ойлголт үүсэх болсон шалтгааныг та юу гэж харж байна?
-Би өөрийнхөө амьдрал дээр жишээ авахад, 2000 оны дунд үеэс бильярд тоглож эхлэхдээ би ч гэсэн энийг спорт гэж үнэхээр хараагүй. Клуб дотор манарсан тамхины утаа, хашхичиж, хуухиж байсан тэр орчныг бид нарын аав, ээжийн үеийнхэн хараад спорт гэж хүлээж авахад үнэхээр хэцүү байсан. Тийм учраас тэгж хардаг хүмүүсийг буруутгах арга байхгүй. Гэхдээ энэ ойлголт засагдаад явж байгаа. Одоогоос 15 жилийн дараа гэхэд тэс өөр, цэвэр спорт гэдэг утгаараа бүрэн ойлгогддог болох байх аа.
-Та өөрөө Европ дахь Монголын бильярдын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг шүү дээ. Европт байгаа монгол тамирчдын ур чадвар, идэвх оролцоо ямар байдаг вэ?
-Манай холбооны бүртгэлд давхардаагүй тоогоор 100 гаруй хүн байдаг. Үүнээс жил болгон тэмцээндээ тогтмол, идэвхтэй оролцдог 30-аад тамирчин бий. Тэд өөр өөрийн амьдарч байгаа орондоо олон улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцож, амжилт үзүүлээд явж байгаа. Тэдний хувьд мэргэжлийн гэдэг нэршил аваагүй байдаг. Шалтгаан нь ихэнх тамирчид маань 10-аас дээш жил гадаадад амьдарчихсан. Монголдоо байхгүй, тэндхийн тэмцээнүүдэд ороогүй учраас дотоодын холбооны чансаа, зэрэг ранкт бичигдэх боломжгүй байдаг. Гэхдээ ур чадварын хувьд Монгол Улсын мэргэжлийн тамирчидтай шууд өрсөлдөхүйц, дүйцэхүйц хэмжээний өндөр түвшний тамирчид байдаг юм шүү.
Ярилцсанд баярлалаа.
