АНУ-ын дипломат хүчин чармайлт нь Украинд энх тайван тогтох найдвар тун бага гэдгийг харуулж байна

АНУ-ын дипломат хүчин чармайлт нь Украинд энх тайван тогтох найдвар тун бага гэдгийг харуулж байна

Норвегийн нийслэл Осло болон ОХУ-ын Санкт-Петербург хотод хоёр өдрийн турш үргэлжилсэн дипломат хэлэлцээний дараа Украины дайн дуусахад ойртсон уу гэсэн асуулт дахин хөндөгдөж байна.

Норвегийн Ерөнхий сайд мягмар гараг /2026.10.20/-т Украины Ерөнхийлөгч В.Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Виткофф болон Европын төлөөлөгчдийн хооронд болсон хэлэлцээг “сайн бөгөөд бүтээлч” хэмээн тодорхойлжээ. Мөн Осло хотод удирдагчдын түвшний гурван талт уулзалт зохион байгуулах санаа дэвшүүлсэн байна.

Стив Виткофф ОХУ-д хийх айлчлалаараа дамжуулан В.Путин, В.Зеленский, Д.Трамп нарыг нэг ширээний ард суулгаж, дайныг зогсоох тохиролцоонд хүрэх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн хүлээлттэй байжээ.

Гэвч В.Путин, В.Зеленскийтэй уулзах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, хэрэв уулзах бол зөвхөн Москва хотод уулзана гэсэн байр суурь баримталж байгаа аж.

Кремлийн зүгээс ирэх сард Абу-Даби хотод гурван талт хэлэлцээг үргэлжлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн ч энэ нь одоогоор техникийн түвшний уулзалтаар хязгаарлагдаж болзошгүй байгаа аж.  Стив Виткофф өөрийн X хаягтаа “хийх ёстой чухал ажил одоо ч олон байна” хэмээн бичсэн ч Д.Трамп дайныг дуусгахын төлөө тууштай ажиллаж байгааг онцолжээ.

Харин Санкт-Петербургт болсон хэлэлцээнд оролцсон В.Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков илүү болгоомжтой байр суурь илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, С.Виткофф Ослод болсон хэлэлцүүлэг болон Европ, Киевийн зүгээс гаргаж буй шинэ хандлагын талаар В.Путинд танилцуулжээ.

Гэвч Ю.Ушаков Украины дайныг шийдвэрлэхэд чиглэсэн хэлэлцээнээс бодит үр дүн гарах боломжийг төдийлөн өндрөөр үнэлсэнгүй. Тэрбээр “Украины хямралыг шийдвэрлэх тал дээр ашигтай зүйл бараг алга” хэмээн дүгнэсэн байна. Харин энх тайванд хэр ойртсон талаар асуухад “Бид хэр ойртсоныг хэлж мэдэхгүй ч үйл явц ерөнхийдөө тэр чиглэл рүүгээ явж байна” гэж хариулжээ.

Одоогийн нөхцөл байдлаас харахад В.Путин дайныг зогсоох хангалттай шахалт мэдрэхгүй байгаа бололтой. Украины агаарын довтолгооноос хамгаалах системд ирэх ачаалал нэмэгдэж, өвөл ойртож буй нь Киевийн хувьд томоохон сорилт болж байгаа аж.

Үүний зэрэгцээ Д.Трампын засаг захиргаа Москватай илүү өргөн хүрээтэй, харилцан ашигтай харилцаа тогтоох сонирхолтой байгааг Кремль анхааралтай ажиглаж байгаа. Сүүлийн өдрүүдэд Д.Трамп ОХУ-д тавьсан зарим хориг арга хэмжээг түр зогсоох, Оросоос дизель түлш худалдан авахтай холбоотой тохиролцоо хийх зэрэг алхам хийж, В.Зеленскийг ч шүүмжилсэн юм. Ийм нөхцөл байдал нь Москвад үзүүлэх барууны шахалтыг сулруулж болзошгүй байгаа юм.

Оросын парламентын гишүүн, телевизийн хөтлөгч Евгений Попов “Одоогоор Д.Трамп бол Барууны ертөнцөд энх тайвны төлөө ямар нэгэн алхам хийж буй цорын ганц удирдагч” хэмээн мэдэгджээ. Түүнээс энх тайван Оросын хүсэж буй нөхцөлөөр тогтох ёстой гэж үзэж байгаа эсэхийг асуухад тэрбээр “Мэдээж хэрэг” гэж хариулсан байна.

Ийнхүү В.Путин, В.Зеленский, Д.Трамп нарын гурван талт уулзалт ойрын хугацаанд болох магадлал тодорхойгүй хэвээр байна. Харин ирэх сард Хятадад болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин, Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзах боломжтой гэсэн таамаглал ажиглагчдын дунд яригдаж эхэлжээ.

Зарим ажиглагч ийм уулзалтыг 1945 оны Ялтагийн бага хуралтай зүйрлэн “Шинэ Ялта” хэмээн нэрлэж байгаа аж. Тухайн үед ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт нар дайны дараах Европын улс төрийн дэг журам, газар нутгийн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байсан юм. Гэвч Украины дайн тав дахь жилдээ үргэлжилж буй энэ үед ийм уулзалт зохион байгуулагдлаа гэхэд дайныг зогсоох бодит тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: BBC