Агнасан 48 баавгайны нэгийг нь задлан шинжилж байгаа бөгөөд үлдсэн 47 баавгайг шатаан устгажээ

Агнасан 48 баавгайны нэгийг нь задлан шинжилж байгаа бөгөөд үлдсэн 47 баавгайг шатаан устгажээ

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд "Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.

-10 АЙМАГ БОЛОН НИЙСЛЭЛД НИЙТ 51 БААВГАЙ УСТГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН-

Мөн Монгол Улсын Засгийн газрын 260 дугаар тогтоолоор хүрэн баавгай нь 12.450.000, төгрөгөөр үнэлсэн. Түүнчлэн амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг төлүүлэхээр тусгасан. Харин энэ жилийн хувьд суурьшлын бүс рүү олон тооны баавгай орж ирсэнтэй холбоотойгоор баавгайг агнах зөвшөөрлийг тодорхой хэмжээд олгож эхэлсэн. Бидний хамгийн сайн мэдэж байгаагаар Баянзүрх дүүргийн 35-р хороонд болсон хүний амь хохирсон харамсалтай үйл явдлын дараа баавгайг устгасан бөгөөд баавгайн биед одоогоор нарийвчилсан шинжилгээ хийж байгаа билээ.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.7 дахь заасны дагуу судалгаа, шинжилгээ, соёлын зориулалтаар, мөн иргэн хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор Дархан-Уул аймагт 3, Сэлэнгэ аймагт 6, Хөвсгөл аймагт 8, Хэнтий аймагт 11, Увс аймагт 8, Завхан аймагт 3, Төв аймагт 3, Булган 3, Архангай 3, Нийслэлийн байгаль орчны газарт 3, нийт 10 аймаг, нийслэлд 51 бодгаль тооны хүрэн баавгайг цагдаагийн хяналт дор эрсдэлтэй нөхцөлд тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосон  байна. Гэхдээ ямар баавгайг устгах вэ гэвэл суурьшлын бүс рүү орж ирж ирсэн, хүний амь нас, эд хөрөнгөд аюул занал учруулсан тохиолдолд холбогдох албаны шийдвэрээр устгана.

-УСТГААД БУЙ 48 БААВГАЙНААС НЭГИЙГ НЬ ЗАДЛАН ШИНЖИЛЖ БАЙНА-

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/855 дугаартай “Хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах тухай” тушаалаар тоо толгойг зохицуулах арга хэмжээг орон нутгийн шуурхай багийн шийдвэрээр хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс:

  1. Хэнтий аймаг: одоогоор 10-ыг аюулгүй болгосноос зөвшөөрлийн дагуу 9, аргагүй хамгаалалт 1 баавгайг аюулгүй болгосон,
  2. Сэлэнгэ аймаг: одоогоор 8-ыг аюулгүй болгосноос зөвшөөрлийн дагуу 7, аргагүй хамгаалалт 1 баавгайг аюулгүй болгосон,
  3. Хөвсгөл аймаг: одоогоор 16-ыг аюулгүй болгосноос зөвшөөрлийн дагуу 13, аргагүй хамгаалалтаар 3 баавгайг аюулгүй болгосон,
  4. Дархан-Уул аймаг: 2-ыг аюулгүй болгосон,
  5. Увс аймаг: одоогоор 4-ыг аюулгүй болгосон,
  6. Завхан аймаг: одоогоор 3- аюулгүй болгосон,
  7. Төв аймаг: одоогоор 2-ийг аюулгүй болгосон,
  8. Нийслэл: одоогоор 1-ийг аюулгүй болгосон,
  9. Архангай аймаг: одоогоор 1-ийг аюулгүй болгосон,
  10. Булган аймаг: одоогоор 1-ийг аюулгүй болгосон буюу 10 аймаг, нийслэл нь холбогдох байгууллага болон цагдаагийн хяналт дор өссөн дүнгээр 48 бодгаль Хүрэн баавгайг аюулгүй болгож агнасан байна.

Тэгвэл олон нийтийн дунд устгасан баавгайн биеийг яаж байгаа вэ, эд эрхтэнг зарж байгаа юу гэсэн асуултууд гарч ирсэн. Тухайлбал, одоогийн байдлаар устгаад буй 48-н баавгайнаас нэгд нь задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд үлдсэн 47 баавгайнаас дээж аван устгасан байна. Авсан дээжийг шинжилж зооноз өвчин судлалын мал эмнэлгийн малын эмч өвчингүй хэмээн дүгнэх юм бол тухайн орон нутгийн Байгалийн түүхийн музейд судалгаа шинжилгээний зориулалтаар цагдаагийн байгууллагын хяналт дор шилжүүлж байгаа аж. Гэхдээ одоогоор устгаад буй баавгайнуудаас  судалгааны ажилд зориулж холбогдох байгууллагад шилжүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд баавгайн биеийг газар ухаж ямар нэгэн халдвар, нян зэрэг зүйлс халдахаас сэргийлж шатааж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Мөн дашрамд дурдахад, баавгай ичээндээ орох дөхөж байгаа бөгөөд анхны цаснаар ичдэг гэх яриа байдаг. Энэ талаар Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх манай сайтад өгсөн ярилцлагадаа, “Өлсгөлөн баавгай болон өнчин бамбарууш ичихгүй байж болзошгүй. Гэхдээ тэднийг устгах бус тэжээж, өвөлжүүлэх хэрэгтэй. Баавгай хүн рүү дайрна гэж дайрдаггүй. Зүгээр л идэх зүйл хайж, хурц үнэрийг дагаж айлын гэр орчмоор үзэгдээд байгаа. Тийм учраас хурц үнэртэй зүйлсийг гэрээсээ холдуулж сэрэмжлэх хэрэгтэй” хэмээсэн байдаг. Ярилцлагыг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу.

 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө