Сэтгүүлчид өрөвдөл, хандивын индэр болохоор хоорондоо өрсөлдөж, үүнийг бусад этгээдүүд "ашиг олох"-оор ашиглаад байж магадгүй байна

Сэтгүүлчид өрөвдөл, хандивын индэр болохоор хоорондоо өрсөлдөж, үүнийг бусад этгээдүүд "ашиг олох"-оор ашиглаад байж магадгүй байна

Сэтгүүл зүйн үндсэн үүрэг бол иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, нийгэмд болж буй үйл явдлыг бодитоор сурвалжлах болохоос “хандив цуглуулах биш” юм. Хандивын асуудлыг олон улсад НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, олон улсын төрийн бус байгууллагууд болон GoFundMe зэрэг зориулалтын краудфандинг платформоор дамжуулан зохион байгуулж, төвлөрүүлсэн хөрөнгийг тодорхой журмын дагуу удирддаг.

Гэтэл манай улсад энэ үүргийг сэтгүүл зүй болон олон нийтийн сүлжээнд олон дагагчтай хүмүүс гүйцэтгэж, энэ нь сүүлдээ даамжирч байна. Нөгөөтэй манай улсад хандив цуглуулах үндсэн үүрэгтэй иргэний нийгмийн байгууллага огт байхгүй гэж хэлэхэд ч хилсдэхгүй байна.

Үүний нэг жишээ нь өнгөрсөн хавар “Сүнс” хамтлагийн дуучин гэх Ж.Замилан архинаас гарч буйгаа зарлаж, хэвлэл мэдээллээр багагүй шуугиан тарьсан явдал. Тэрбээр “анхны тоглолтоо хийчихвэл архинаас гарч, сайхан амьдарна” хэмээн ярьж, тоглолтын маркетингаа хийж байв. Үзэгчид ч түүнийг хайрлаж, дэмжсэн бөгөөд тэрбээр тоглолтынхоо орлогоор нэг өрөө байр авсан гэдэг.

Гэтэл Ж.Замилан гэгч этгээд сар ч хүрэхгүй хугацааны дараа согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар олон нийтийн сүлжээнд шууд дамжуулалт хийсэн бол тэрээр хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд шууд дамжуулалт хийж, “Архийг ингэж уудаг юм” хэмээн зааварласан юм. Товчхондоо, түүнийг дэмжиж, өөрчлөгдөхөд нь туслахыг хүссэн хүмүүсийн итгэл талаар болжээ. Энэ утгаараа сэтгүүлч, инфлюенсер гэх мэргэжлийн бус этгээдүүдийн хийх болсон хандив нь эцэстээ “залилан” болж хувирахад тун ойрхон болсон.

-ӨӨРИЙН ЗОВЛОНГОО ОЛОН НИЙТЭЭР ӨРӨВДҮҮЛЖ, АШИГ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ БАЙНА-  

Хандивын асуудал ийнхүү архагшсан энэ үед иргэдийн дунд зовлон тохиолдвол хандив цуглуулдаг гэсэн ойлголт газар авчээ. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө манай улсад нэг иргэн баавгайд бариулж амь насаа алдан болсон хамт байсан нэгэн эмэгтэй хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ үйл явдал олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлж байлаа. Гэтэл төд удалгүй баавгайд хазуулсан эмэгтэйн ар гэрийнхэн нь магадгүй олон нийтийн энэ эмзэглэлийг хандив болгон төвлөрүүлэхээр хэвлэлийнхнийг цуглуулж, мэдээлэл хийсэн юм.

Ингэхдээ “Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны дарга гэр өгөхөөр шийдсэн гэнэ. Гэхдээ эгч маань одоо цочрол, айдсаасаа болоод дахин гэрт амьдарч чадах эсэхийг мэдэхгүй” хэмээн ярьж, эмчилгээний зардал болон байшин барихад туслахыг ард түмнээсээ хүссэн билээ.

Харамсалтай нь, энэ мэт “өөрийн зовлонгоо далимдуулж бусдаас ашиг олох” сонирхолтой мэдээллийг манай зарим хэвлэлүүд уярч хайлан, ямар ч шүүлтүүргүйгээр дамжуулсаар байна. Цаашлаад хэн нэгэн орон гэргүй иргэн, идэх хоолгүй хүний тухай мэдээллийн араас хандив гуйсан мэдээллийг бид өдөр бүр шахам хардаг болох нь.

-"СЭТГҮҮЛ ЗҮЙ ӨРӨВДӨЛ НИГҮҮЛСЛИЙН ХҮНДЭТ ИНДЭР ЛҮҮ ЧИРЭГДСЭЭР БАЙНА"- 

Ингэсээр иргэдийн дунд сэтгүүл зүйг хандивын байгууллага мэтээр ойлгох хандлага бий болж, хэвлэл мэдээллийг хандив босгох хэрэгсэл гэж харах хүмүүс ч нэмэгдэв. Бүр боломж бололцоотой, хангалуун амьдралтай хүмүүс ч өөрсдийн хөрөнгөөс гаргалгүйгээр хүүхдийнхээ болон өөрсдийнхөө эмчилгээний төлбөрийг олон нийтийн хандиваар босгохыг зорих болсон гэх шүүмжлэл ч бий.

Энэ талаар МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар “Сэтгүүл зүй хандив, тусламж, өрөвдөл нигүүлслийн хүндэт индэр лүү чирэгдсээр байна” хэмээн шүүмжилсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллага нийгмийн тогтолцооны асуудлыг ил гаргаж, шийдвэр гаргагчдаас хариуцлага нэхэхийн оронд асуудал бүрд мөнгө босгох, хэн нэгний зөв бурууг шүүх үүрэг хүлээсэн мэт ажиллах болжээ. Энэ нь сэтгүүл зүйн үндсэн чиг үүрэг алдагдаж байгаа эсэх талаар салбарын эрдэмтэн, судлаачдыг ч санаа чилээхэд хүргэж байна.

-ЗАРИМ СЭТГҮҮЛЧ ӨӨРӨӨ ХАНДИВЫН ГОЛ ДҮРД ТОГЛОЖ, ӨРСӨЛДДӨГ БОЛОВ-

Хамгийн харамсалтай нь, хандив цуглуулах энэ үйл явцын гол дүрд манай зарим сэтгүүлч өөрөө тоглодог болоод удаж байна. Тухайлбал, өнчин хүүхдүүдэд олон нийтийн хандиваар орон сууц авч өгөх аянаар манай зарим сэтгүүлчид хоорондоо бараг л өрсөлдөж, үүгээрээ өөрсдийгөө бусдаар магтуулж, олонд танигдах нэг арга зам болгох болсон гэхэд хилсдэхгүй.

Гэвч тэд ийм үйл ажиллагааны үеэр хүүхдүүдийн нэр, нүүр царай, хувийн амьдралын мэдээллийг нийтэд дэлгэх нь тэдний ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудлыг орхигдуулдаг.

Хүүхдэд туслах гэсэн зорилго нь тэдний хувийн нууц, нэр төрийг хамгаалах үүргээс дээгүүр тавигдах учиргүй. Сэтгүүлчийн үүрэг бол нийгмийн асуудлыг ил гаргах, хариуцлага нэхэх, үнэн зөв мэдээллээр иргэдийг хангах. Харин хандивын байгууллагын үүргийг өөр дээрээ авч, асуудал бүрийг олон нийтийн мөнгөөр шийдэх гэж оролдох нь сэтгүүл зүйн үндсэн зорилго биш юм.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө