МҮОНТ-ээр “Тусгай салаа” ОАУСК гарч байх 2010 онд монголчууд бүгдээрээ нэгэн цаг мөчид дэлгэцийн өмнө шимтэн сууж, минут тоолон үздэг байлаа. Тус киноны хамгийн нандин дүр нь Дэндэвийн найз охин Чимгээгийн дүрийг бүтээсэн улаан хацартай бондгор охин байсан гэвэл хол зөрөхгүй болов уу. Тиймээс бид энэ удаа Чимгээгийн дүрд тоглосон жүжигчин Н.Мөнхжаргалтай ярилцлаа.
ВИДЕО:
Н.Мөнхжаргалын хувьд Кино урлагийн дээд сургуулийг 2010 онд жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд одоогоор хувийн бизнес эрхэлж буй билээ.
- Өөрийг тань “Тусгай салаа” киногоор нь үзэгчид сайн мэдэх байх. Энэ кинонд анх яаж сонгогдож, тоглох болсон талаараа ярихгүй юу?
- Хүмүүс одоо ч гэсэн “Тусгай салааны Чимгээ, Дэндэвтэйгээ суусан уу гэдэг асуултыг асуудаг. Одоогоос 16 жилийн өмнө дөрөвдүгээр дамжааны оюутан байлаа. Тэр үед МҮОНТ олон анги кино хийнэ гээд дүрийн сонгон шалгаруулалтын зар хадчихдаг байсан юм. Тэр үед манай ангийнхан бүгдээрээ явж пробонд орж байсан юм. Манайхаас гадна СУИС, Сити гээд бусад урлагийн сургуулиудын оюутнууд ер нь бүгдээрээ л очиж байгаа юм. Тэр үед хоёр шатны пробонд орж шалгуулаад, хавар хонхны баярын дараа “Тэнцлээ” гэсэн хариу ирж байсан. Би ер нь ичимхий учраас ч юмуу проб өгөх маш дургүй. Ичсээр байгаад л пробоо өгч байсан. Тэгвэл ичсэн маань л тэр дүртэй тохироод байсан юм шиг байна лээ.
Би оюутан байхдаа кинонд тоглож үзээгүй шүү дээ. Өөртөө дотроо бол алаад байгаа юм. Гаднаа л бүрэг ичимхий харагдаад байгаа болохоос. Хүмүүс намайг хөөрхөн даруухан юм, ёстой ичимхий юм гэчихээр л улам ичээд байгаа болохоос дотроо бол жүжигчин болно, Мандухай цэцэн хатан, Суварган цэнхэр уулс, Хуан Жу Гэг кинонуудыг үзээд л, дотроо бол маш даруухан биш байгаа шүү дээ.
- "Тусгай салаа" кинонд тоглож байх үеийн сэтгэгдлээ хуваалцвал...
- Дөнгөж их сургуулиа төгсөөд өмнө нь ямар ч дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй учраас ёстой “шок” байсан. Тэгээд ядаж байхад хөдөөний охин. Хөдөөнөөс арван жилийн сургуулиа төгсөж ирээд бүх зүйлийг “Хөөх ийм байдаг юмуу” л гэж бодож байлаа. Би чинь өөрөө дуртайдаа кинонд тоглохоор болж байгаа шүү дээ. Тэгтэл надад цалин өгнө гэхээр нь маш их баярлаж байсан. Би бол уг нь мөнгө өгөөд тоглочихмоор байгаа шүү дээ уг нь бол. Тийм том хамт олны нэг хэсэг болсондоо одоог хүртэл баярлаж явдаг. Ялангуяа кино гарсны дараа бүгд Тусгай салааны Чимгээ гэж дуудаад байхаар тэр үедээ их л гоё санагдаж байсан.

- Үргэлжлүүлээд жүжигчний мэргэжлээрээ ажилласан уу?
- Тэр зундаа кинондоо тоглочихоод би Эрдэнэтийн Хүүхэлдэйн театрт ажиллахаар явчихсан юм. Тэндээ очоод жүжигт тоглоно. Жүжгийн төгсгөлд бүх жүжигчид тайзан дээр гарч ирээд, эхнээс нь танилцуулж явж байгаад намайг танилцуулах болсон чинь танхим дүүрэн хүмүүс “Чимгээ, Чимгээ ..” гэж орилж байсан нь одоо их тод санагдаж байна. Үүнийг театрын ах эгч нар маань ч маш гоё хүлээж аваад Чимгээ гэдэг нэрээр маань зарлаж байсан.
- Кинон дээр "Хоёулаа үерхэе дөө" гэж хэлдэг хэсэг хүмүүсийн сэтгэлд хамгийн тод үлдсэн байдаг байх аа. Кинонд тоглохоос өмнө та хүнтэй үерхэж байсан уу?
- Тийм ээ, тэр их хөөрхөн хэсэг. Би өмнө нь хүнтэй үерхэж байгаагүй. Найзалж нөхөрлөөд л явдаг байсан. Хүнээс үерхэе ч гэж сонсож үзээгүй байсан. Арван жилд байхдаа ч, оюутан байхдаа ч хүнээс үерхэе гэдэг үг сонсож үзээгүй. Гэтэл яг тийм “Үерхэх үү” гэж асуудаг сценд тоглохоор жинхнээсээ ичээд байгаа юм бишүү. Жүжиглэх шаардлагагүйгээр ичээд байгаа юм.
- Дэндэвийн талаар яривал...
- Тэр үед Дэндэвийн дүрд тоглодог Эрдэнэбаяр ах надаас зургаа, долоон насаар ах байсан юм. Би бараг хөгшин хүн гэж бодоод байгаа юм бишүү. Ахын дүү би энэ дүр дээр маш их ач холбогдол өгч байгаа юмаа. Энэ их гоё кино шүү. Хоёулаа энэ хэсгээ бэлдье гээд надад их зааж сургадаг байсан. Би бараг тулгаж байгаад очдог байсан байх аа. Эрдэнэбаяр ах надад “Чиний дүр чинь маш гоё дүр шүү. Өөрөө ер нь мэдэж байна уу” гэдэг байсан.

- Кинонд тоглосны дараа үзэгчид юу гэж хэлдэг байв?
- "Зөвшөөрчихөөч, хоёр үхэр өгнө гэж байна шдээ, азарга адуу шдээ, хөдөө явчихаач дээ” гэж их хэлдэг байсан. Бас өчигдөр нэг рийл хийсэн чинь доор нь “Одоо ч чи Дэндэвийг тоохооргүй болж дээ” гээд биччихсэн байсан. Нөхөр бид хоёр уншаад үхтлээ инээсэн дээ. Хүмүүс ингээд өөр өөр юм сэтгэдэг. Бүр гайхалтай юм билээ шдээ.
- Нөхөртэйгөө анх танилцахад таныг кинонд тоглодог талаар мэддэг байсан уу?
- Бид хоёр анх үерхэж эхлэхэд мэддэггүй байсан. Нөхөр маань тэр киног үзээгүй юм билээ л дээ. Нөхөртэйгөө явж байгаа үед хэн ч танихгүй. Таньдаг байсан ч танихгүй, хүмүүс халдаж чаддаггүй юм билээ. Ганцаараа явж байвал “Тусгай салааны Чимгээ байна” гээд л таньдаг юм. Тэгээд нөхөр хүмүүс таньдгыг маань ч мэддэггүй байсан. Одоо арав гаруй жил ханилсны дараа “Танай фракцынхан уу, чиний крашууд уу” гээд л мэддэг болчихсон.
- Та багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?
- Эхлээд сурвалжлагч болно гэж боддог байсан юм. Ярилцлага үзээд л хүмүүсийг ямар онцгүй асуулт асуудаг юм бэ, энэ хүнийг гомдоочихлоо, би байсан бол ийм гоё асуулт асууна даа гэж боддог байсан. Тэмдэглэлийн дэвтэр, бал авч явдаг, өөрөөсөө асуулт асууж өөрөө хариулж төсөөлдөг байсан. Тэгээд би жүжигчин болчих юм бол зарим өдөр даруухан багшийн дүрд тоглох юм байна, зарим өдөр галзуу эмэгтэйн дүрд тоглох юм байна гэж бодож байсан юм.

- "Тусгай салаа" киноны Чимгээгийн дүрээс гадна өөр ямар ямар дүр бүтээж байсан бэ?
- Оюутан байхдаа азаар Үнсгэлжийн хойд эхийн дүрд тоглож байсан юм. Багш маань намайг үнэхээр хайрласан. Намайг маш даруухан байна гээд задлахын тулд энэ дүрийг өгч байсан юм. Харин хамгийн сүүлд Баавгай болохсон кинонд тоглосон. Хүүтэйгээ хамт тоглосон болохоор энэ дүрээ их хүндэтгэж явдаг юм. Гол дүрийн залуугийн авга эгчийн, ааш муутай хүний дүрд тоглосон. Одоо ер нь иймэрхүү ааш муутай эгчийн дүрд л тоглодог болсон юм бишүү.
- Ярилцсанд баярлалаа.