Япон улс JICA-гийн мэргэжилтнүүдийг Нөмрөгийн түймрийн хохирлыг үнэлж, нөхөн сэргээлт хийхээр илгээнэ

Япон улс JICA-гийн мэргэжилтнүүдийг Нөмрөгийн түймрийн хохирлыг үнэлж, нөхөн сэргээлт хийхээр илгээнэ

Японы Засгийн газар Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн хохирлыг үнэлж, өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхээр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-гийн мэргэжилтнүүдийг Монголд илгээхээр шийдвэрлэжээ.

Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги энэ талаар аравдугаар сарын 27-нд хийсэн хэвлэлийн мэдэгдэлдээ дурдсан байна. Тэрбээр түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг Японы Засгийн газар анхааралтай авч үзэж буйгаа илэрхийлээд, мэргэжилтнүүдийн тайланд үндэслэн Монголын Засгийн газартай хамтран ажиллана гэв.

Тодруулбал, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, түймрийн дараах сэргээн босголт, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх зэрэг цогц дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. 

Мөн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара аравдугаар сарын 26-нд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очиртой уулзахдаа түймэрт өртсөн бүс нутгийг сэргээх, экосистемийг хамгаалахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Уулзалтын үеэр байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн япон мэргэжилтнийг түймэрт өртсөн бүсэд илгээж, Монголын мэргэжилтнүүдтэй туршлага солилцуулах санал ч дэвшүүлсэн байна.  Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбогдуулан Японы Элчин сайдын яам аравдугаар сарын 22-нд харамсаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн түймэр үүссэн шалтгааныг бодит баримт, хуульд үндэслэн шалгаж тогтоохыг хүсэж байгаагаа мэдэгдэж, өртсөн бүс нутгийг сэргээхэд Мобиком компанитай хамтран ажиллах боломжийг идэвхтэй судлахаа илэрхийлсэн юм. 

JICA нь Монгол Улстай байгаль орчны чиглэлээр хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Тус байгууллага 2026 оны нэгдүгээр сарын 8-нд Монголын Засгийн газартай хамтарсан судалгааны төслийн хэрэгжилтийн баримт бичигт гарын үсэг зурсан. Уг төсөл нь хиймэл дагуулын болон газар дээрх хэмжилтийн өгөгдлийг нэгтгэн, Монголын зүүн өмнөд бүсийн хээр, говийн экосистемийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанд тэсвэртэй байдлыг үнэлэх, цөлжилт, бэлчээр болон усны нөөцийн доройтлоос сэргийлэх мэдээллийн платформ хөгжүүлэх зорилготой бөгөөд хэрэгжих хугацааг 60 сараар төлөвлөжээ.