З.Ананд: Италид эзэмшсэн мэдлэг, туршлагаараа Монголын анхны пүүзний брэндийг бүтээж байна

З.Ананд: Италид эзэмшсэн мэдлэг, туршлагаараа Монголын анхны пүүзний брэндийг бүтээж байна

Хүнгэнэх хүнд машин механизмын чимээ, залуусын эрч хүчтэй яриа уусах энэ газар бол Монголын гутлын үйлдвэрлэлийн түүхэнд цоо шинэ хуудас нээж буй "PUUZ" брэндийн үйлдвэр юм.

Монголчууд бид олон арван жилийн турш ажлын гутал, савхин эдлэл, уламжлалт монгол гутлаа дотооддоо хийж ирсэн баялаг уламжлалтай ч, орчин үеийн streetwear соёл, залуусын өдөр тутмын хэрэглээ болсон спорт пүүзийг технологийн дагуу эх орондоо босгоно гэдэг хэн хүний зүрхэлж барьж аваагүй хүндхэн даваа байв. Энэхүү эрсдэлтэй атлаа бахархам замыг гэрэлтүүлж яваа хүн бол тус брэндийг үүсгэн байгуулагч, 29 настай З.Ананд юм.

ВИДЕО:

-ИТАЛИ, ИСПАНИ, ТАЙВАНЬ, ХЯТАДЫН ИНЖЕНЕРҮҮДИЙГ УРЬЖ, ДОТООДЫН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙГЭЭ НЭГТГЭЖЭЭ-

"Би багаасаа л пүүзэнд дуртай, пүүз цуглуулдаг хүүхэд байлаа. Гэхдээ энэ салбарт хөл тавих хамгийн том шалтгаан бол манай аав юм" хэмээн З.Ананд яриагаа эхлэв. Түүний аав Монголын гутлын үйлдвэрлэлийн салбарт хагас зуун жилийн амьдралаа зориулсан түүхтэй нэгэн. Аавынхаа туулсан замнал, гутлын хэв гөлгөр дээр үлдсэн гар хурууны хээг харж өссөн З.Ананд сүүлийн 3-4 жилийн турш энэ мэргэжлээр тууштай суралцаж, хөдөлмөрлөжээ. Тэрбээр зөвхөн аавынхаа мэргэжлийг өвлөөд зогсохгүй, өөрийн насан туршийн хүсэл сонирхлоо нэгтгэн, "Монголд үйлдвэрлэв" гэсэн тамгатай анхны пүүзийг бүтээх зорилго тавьсан байна.

Өнөөдөр "PUUZ" брэндийн ард 17 хүний бүрэлдэхүүнтэй, тун өвөрмөц "олон улсын баг" ажиллаж байна. Монголд анх удаа пүүз хийж байгаа учраас тэдэнд туршлага, технологийн ноу-хау хамгийн их үгүйлэгдэж байв. Тиймээс З.Ананд гутал үйлдвэрлэлээрээ дэлхийд тасарсан Итали, Испани, Тайвань, Хятадын инженерүүдийг урьж, дотоодын залуу мэргэжилтнүүдтэйгээ нэгтгэжээ. Энэхүү олон соёлын уулзвар дээр дэлхийн стандарт Монгол хөрсөнд нутагшиж байна.

-ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХУВЬД ХАМГИЙН ТОМ СОРИЛТ БОЛ ГУТЛЫН УЛ БАЙСАН-

Технологич инженер Б.Бэхбат өөрийн удирдан ажиллуулдаг халуун, хүйтэн хэвний машиныг танилцууллаа. "Энэ машин бол пүүзний хамрын хэсэг болон ар талын зуузайг яг зориулалтын хэвэнд оруулдаг шидтэй. Гутлын урд, ард талыг халуунаар халааж, хүйтнээр цохиж хэлбэржүүлдэг. Гуталд хамгийн гол үзэмж, хэлбэрийг олгодог учраас маш нарийн ажиллагаа шаарддаг" хэмээн тэрбээр хэвнээс дөнгөж гарсан пүүзний бэлдэцийг бахархалтайгаар харуулав.

"PUUZ" брэндийн үйлдвэрлэл үндсэн дөрвөн цехээс бүрддэг: эсгүүр, оёдол, ул боловсруулах болон гүйцэтгэх цех. Эхний шат дамжлагыг эсгүүрчин, техникийн технологич Ж.Хонгор удирдан явуулдаг. Түүний ажиллуулж буй хоёр толгойтой CNC хагас автомат эсгүүрийн машин нь ямар ч материалыг голохгүйгээр, загвар зохион бүтээгчийн гаргасан нарийн патерны (хэв зураг) дагуу миллиметрийн зөрүүгүй зүсэж бэлддэг байна.

Инженерчлэлийн хувьд хамгийн том сорилт бол гутлын ул байсан талаар З.Ананд ярилаа "Манай пүүзний улны дизайн, техникийн бүх зургийг Монгол инженерүүд өөрсдөө гаргадаг. Харин үйлдвэрлэлийг нь Хятадад хийлгэж байна. Яагаад гэвэл улны үйлдвэр маш олон сая тоо ширхэгээр хийгдэж байж эдийн засгийн үр ашигтай байдаг тул Монголд одоогоор улны үйлдвэр барих нь хүндрэлтэй. Гэхдээ наалт, хатгамал, нэхмэл гээд бусад бүх процессыг бид эндээ, өөрсдийн гараар хийж байна" хэмээн тайлбарлав.

-ХӨЛӨӨРӨӨ ТЭМТЧИЖ, ХӨЛСӨӨРӨӨ БҮТЭЭСЭН МОНГОЛ ЗАЛУУСЫН ЭНЭХҮҮ ПҮҮЗ УЛАМЖЛАЛТ ӨВ СОЁЛЫГ ОРЧИН ҮЕИЙН АЛХААТАЙ ХОЛБОЖ БАЙНА-

Гүйцэтгэх буюу "Finish" цехэд оёгдож бэлэн болсон түрийг ултай нь холбох хамгийн хариуцлагатай ажил өрнөнө. Цавуудсан хэсгийг тусгай температураар халааж, цавууг нь идэвхжүүлсний дараа ул, түрий хоёрыг 100 хувийн даралтаар шахаж наадаг. Үүний дараа үрчлээсийг гаргах халуун ажиллагаа хийгдэж, улавч, үдээсээ хийснээр пүүз бэлэн болж хайрцаглагддаг байна.

Өдгөө тус брэнд Монголын өв соёл, түүхийг шингээсэн "Тал", "Морь", "Хурд", "Хуур" зэрэг 6 төрлийн өвөрмөц загварыг гаргаад байна. Брэндийн хамгийн том давуу тал нь юу вэ гэвэл, энэ пүүзнүүд гадаад хүний биш, яг Монгол хүний хөлийн анатоми, хавтгай болон өргөн онцлогт тусгайлан зориулагдаж хийгдсэн явдал юм. Хөлөөрөө тэмтчиж, хөлсөөрөө бүтээсэн Монгол залуусын энэхүү пүүз уламжлалт өв соёлыг орчин үеийн алхаатай холбон, Монгол залуусын хөлд урам зориг нэмэн урагшилж байна.