Өнгөрсөн долоо хоногт Европын долоон улсыг хамарсан томоохон хэмжээний кибер халдлага гарч, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн интернетэд холбогдсон хөргөлтийн системүүдийг унтраасан. Тэгвэл Францын эрх баригчид уг халдлагын ард Ираны Хувьсгалт гвардын корпус байгаа гэж үзэж байна.
Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Ираны элчин сайдыг дуудан уулзаж Техраны эсрэг Европын түвшинд хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Мөн Парисын прокурорын газраас Хувьсгалт гвардийн харьяа довтолгооны кибер нэгж болох Шахид Кавегийн удирдагч болон түүний хоёр орлогчийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах хүсэлт гаргаснаа мэдэгдсэн байна. Сайд Барро хэлэхдээ, уг халдлага нь өдөөн хатгалтын түвшнээрээ "урьд өмнө байгаагүй" хэмжээнд хүрсэн гэдгийг онцолжээ. "Манай нутаг дэвсгэр дээр хорлон сүйтгэх зорилгоор үйлдсэн томоохон хэмжээний кибер халдлага нь тус улсын эрх ашиг болон Францын ард түмний аюулгүй байдалд халдсан ноцтой хэрэг тул хариуцлагагаас бултах аргагүй" гэж тэрээр нэмж хэлсэн байна
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, халдлага үйлдэгчид Иранд байрладаг төхөөрөмжүүдтэй фарс хэлээр холбогдсон IP хаягуудыг ашигласан байна. Тэд шөнийн цагаар хөргөлтийн системд интернэтээр нэвтэрч, температурыг алсаас цельсийн 50 градус хүртэл өсгөсний улмаас хэдэн сая еврогийн хүнс муудсан юм. Аравдугаар сарын 10, 11-нд болсон цахим халдлагад Францын E-Leclerc, Intermarche, Carrefour, Monoprix болон Cooperative U супермаркетуудын томоохон сүлжээ өртөж хохирол амссан. Харин өнгөрсөн долоо хоногт хакерууд алсын удирдлагын систем рүү нэвтэрч, хөлдөөгчүүдийг "унтраах" горимд шилжүүлснээр Бельги, Люксембург, Швед зэрэг улс дахь супермаркетуудын хүнсний бүтээгдэхүүнүүд муудаж, үлэмж хэмжээний хохирол амсаад байна.